alim.mn | 2025.06.09
Тендер зарлахдаа компьютерийн дэлгэцийг “мартсан”-аас СХД-ийн дөрвөн сургуульд 42 ширхэг процессор нийлүүлэгджээ

Ийм явдал нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн тендерийн Үнэлгээний хороонд орж ажилласан  “чадварлаг” төрийн албан хаагчид тендерийн бичиг баримтын технологийн бүрдүүлбэрийг дутуу бүрдүүлж компьютерийн дэлгэцийг  тусгаагүйгээс 153, 143, 62 болон 12-р сургуульд 42 ширхэг процессор нийлүүлэгдсэнээс ашиглагдах боломжгүй сур хэвтэж байна.  Дээрхи тендерт “Сод электроникс” компани ялсан аж. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чадваржуулах, түүний дотор худалдан авах ажиллагааны сургалт байнга явагддаг. Сургалтыг дүүргээд тендерийн үнэлгээний хороонд ажиллах сертификат авдаг. Үнэлгээний хорооныхон тендерийн баталгаа, гэрээний тусгай нөхцөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар үе шатны хуваарь, урилга зэрэг бичиг баримтыг хууль тогтоомжийн хүрээнд боловсруулан гаргах үүрэгтэй ажилладаг. Ийм сургалт Сонгинохайрхан дүүрэгт явагдсан л байж таарна. Гэтэл үр дүн нь эсрэгээрээ гарч тус дүүргийнхэн үнэлгээний хорооны бүтэлгүйдлээрээ хотод “манлайлсан” байна. Дүүргийн Засаг даргын А/144, А/183 захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороод 750 сая төгрөгний төсөвт өртөгтэй хоёр төсөл арга хэмжээний хүрээнд бүр 43 барааны нэршлийг тодорхойгүй, үзүүлэлтийг дутуу тусгасанаас 95 сая төгрөг нь үр ашиггүй хөрөнгө оруулалт болжээ. Үүнд “Сургуулиудад олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж”  төсөл дүүргийн  18, 19, 23, 29-р хороонд хэрэгжсэн. Үнэлгээний хорооныхон  техникийн тодорхойлолтод суурин компьютерын иж бүрдлийг “суурин компьютер” нэрээр оруулж алдаа гаргаж дэлгэцийг орхигдуулснаас гүйцэтгэгч компани 71,4 сая төгрөгийн өртөгтэй 42 ширхэг компьютерийн процессор нийлүүлсэн байна. Мөн “Боловсролын салбарын тоног төхөөрөмж” нэртэйгээр явагдсан тендерийн Үнэлгээний хороонд компьютерийн талаар мэргэшсэн хүн оруулаагүйн улмаас гүйцэтгэгч компанид “мадлуулаад” өнгөрчээ. Хорооныхон эхлээд ашиглах байгууллагын ирүүлсэн техникийн тодорхойлолтыг хяналгүй батлаад явуулжээ. Гүйцэтгэгч “Санни-Лайф” компани үүнийг ашиглан 24 сая төгрөгний компьютерийг гэрээний хугацаанд нийлүүлэх боломжгүй хэмээн шалтаглаж зөөврийн компьютерийн үзүүлэлтийг  бууруулан өгчээ. Улмаар үнийн зөрүүнд нь шалгалтын хуудас уншигч машин, урсдаг самбар өгч даапаалсан байна. Хуулиараа Үнэлгээний хороонд тухайн зарласан ажил үйлчилгээний салбарт мэргэшсэн эсхүл худалдан авах чиглэлээр дагнасан хүнийг оруулахыг шаарддаг. Гэтэл компьютер худалдан авах  гэж буй атал компьютер мэдэх нэг ч хүн оруулаагүй гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ