Ийм нэгэн хөгжилтэй бас сургамжтай гэмээр явдал Перуд гарчээ. Өнгөрсөн оны 9-р сарын 30-нд тус улсын ерөнхийлөгч Мартин Вискарра зарлиг гаргаж конгрессаа тарааж хугацаанаас өмнөх сонгуулийг 2020 оны 2-р сарын 26-нд явуулахаар зарласан. Конгресс нь 130 суудалтай агаад энэ удаад 25 мужаас нам улстөрчийн хүчин нэр дэвшигчдээ дэвшүүлж өрсөлдөөн ширүүн явагджээ. Нэр дэвшигчдийн нэг болох Унако мужийн Жовина Уэрта сурталчилгаанд ганцхан машинаар буюу өөрийн пикапаар багийнхаа хамт явжээ. Сурталчилгааны үеэр тэрээр сонгогчидод «Vamos Peru!» /Перу урагшаа/ гэсэн бичигтэй тэмдэг тарааж өөртөө татах гэсэн. Ингэхдээ нэг тэмдгийг машиныхаа түлхүүрийн оосорт хийсэн нь маш том алдаа болжээ. Сонгогчидтой хийсэн ээлжит уулзалтын үеэр өнөөх тэмдгээ тараахдаа андуураад машины түлхүүрээс дүүжилсэн тэмдгээ өгчихжээ. Өгсөн гэдгээ уулзалтын дараа багаараа хөдлөхдөө мэдсэн агаад хэнд өгсөнөө мэдээж санасангүй. Багийнхан нь уулзалтанд ирсэн иргэдээс асууж сураглаж баахан гүйлдсэн ч машины түлхүүртэй тэмдэг авсан хүнийг олоогүй аж. Ингээд машин нь таг зогсож улстөрч явгарчээ. Аргаа бараад түлхүүр авчирч өгөхийг хүссэн бичлэг цахимаар цацсан ч олдоогүй байна. Нэгэнт унаагүй болсон тул улстөрчийн сонгуулийн сурталчилгаа үндсэндээ зогсжээ.