alim.mn | 2025.01.01
Засаг дарга Р.Сэддорж коронавирусийг дарахаар сүүлчийн “сумаа” тавьж 2,2 сая төгрөгөөр Жинсрэг цутгуулж ном хуруулжээ

Коронавируст халдврын эсрэг хоёр жилийн турш эхлээд танк их буутай, дараа нь улаан гараараа гардан тулаанд орсон гэх Засгийн газар, УОК өдгөө цагаан тугаа өргөөд зогсож байна. Дарга нарын авч хэрэгжүүлсэн бүхий л арга хэмжээ бүтэлгүйдэл, мухардалд хүргэлээ. Дотооддоо халдвар алдаагүй  байхад хичээл сургууль хааж сүржигнэчихээд эцэстээ хамгийн аюулт “Дельта” хувилбар хөдөө хотгүй тархсан энэ үед сургуулиа нээхээр нүдээ аниад сууж байна. Хөдөөд ч байдал мөн адил. Орон нутгийн Засаг дарга нарын УОК-ийн сүржигнэл, хийрхэл, байгаа онодоггүй  бүтэлгүй арга хэмжээг яс дуурайсаар мөн л хана мөргөөд зогссон. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нутгийн олноо коронавирусний халдвараас хамгаалах, Гашуун сухайтыг “ногоон бүс” байлгах тэмцэлд чадахаасаа чадахгүйгээ хүртэл чадлаараа л хийжээ.  Бөх хүний хувьд байдаг бүх хүч чадал, мэхээ гаргасан. Халдвартай тэмцэхэд сая сая төгрөг аймгийн төсвөөс зарцуулсан. Зорилтот бүлгийн иргэдийг аминдэмээр хангасанаас гадна өвчтөнүүдийг Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн жолооч нарыг урамшуулав. Гашуун сухайтад ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч нарын багт мөнгөн дэмжлэг үзүүлсэн.  Эцэст нь нутгийн олноо  өвчин эмгэгээс хамгаалахаар төсвийн 2,2 сая төгрөгөөр Жинсрэг цутгуулж ном хуруулсан ч монгол жолооч нараас халдвар илэрч Хятадын тал Гашуун сухайтын боомтыг 14 хоног хаагаад байна.  Жинсрэг цутгахад  гал тахиж элдэв ад дон, хүмүүний заяаны тэнгэрүүд, хүмүүнд хорлол үйлдэгч ягчис элдэв муу язгуурын амьтад, чөтгөр шулам, мам тийрэн, хий биет болон үнэр идэшт олон амьтдад өглөг болгон галд өргөдөг гэнэ. Өмнөговьд байгаа бүх коронавирус галд хайлж үхсэн гэж найдахаас ...  Хүн эцсийн мөчид бурхан тэнгэрт ханддаг гэдэг. Одоо Засаг даргатаны толгойд ямар төлөвлөгөө, арга хэрэгсэл үлдээд байгаа нь сонин.  Жинсрэг цутгуулж ном хуруулсан нь Засаг даргатаны сүүлчийн “сум” биш байгаасай л гэж найдах үлджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бөх
3 жилийн өмнө
66.181.161.38
төрийн хүн арай л өөр шалгуураар төрд орох ёстой төрийн босго гэж байхгүй болжээ ийм махан толгойт бөхчүүд юу ч чадахгүй мэдлэг сэтгэл дутна
Төстэй мэдээ