УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргийнхоо иргэдэд таван ханатай иж бүрэн гэр бэлэглэж буй зураг өнгөрөгч зун олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Гэвч эрхэм гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдтан энэ мөнгийг өөрөөсөө гаргаагүй, салбарынхаа төсвөөр найрласан баримт ил гарчээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэдэг хүн өнгөрөгч 2016 оны сонгуулиар УИХ-ын 58-р тойрог /Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо/ буюу хуучнаар Нисэх, Буянт-Ухаагаас сонгогдож байжээ.
У.Хүрэлсүхийн засгийн газарт багтаж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо иргэдэд тараасан таван ханатай иж бүрэн гэрийг Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгөөр худалдаж авчээ. Ингэхдээ "Иргэний нисэхийн ерөнхий газрын албан хаагчдын "ар гэр, амьжиргааны түвшинг харгалзан гэр олгох" тухай хуурамч тушаалыг тус газрын даргаар гаргуулсан байх юм.
Яг үнэндээ ИНЕГ-ын 2000 гаруй ажилтан (орон нутгийн нисэх буудлуудаа оролцуулаад бүх системээрээ шүү дээ) дотор сая төгрөгийн гэр байгууллагаасаа харах нэг ч хүн байхгүй. Сарынхаа цалингаар нэг гэр аваад байсан ч чадах хүмүүс.
Монгол Улсын агаарын орон зайгаар жилдээ 100 мянга орчим онгоц нисч өнгөрдөг. Хоногтоо 270-300 орчим гэсэн үг. Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэхийн хэрээр тэндээс орж ирэх навигацийн төлбөрөөс олох орлого ч жилээс жилд нэмэгдэж байгаа. ИНЕГ түүний тодорхой хувийг төсөвт төвлөрүүлээд, үлдсэнийг нь салбарынхаа хэрэгцээнд зарцуулах эрхтэй.
2017 онд байх, тус газрын даргаар томилогдоод удаагүй Л.Бямбасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ онд навигацийн орлого 50 тэрбумаар нэмэгдэх боломжтой" хэмээн ярьж байв. Үүнээс хойш гурав дахь он луугаа тонгойгоод явж байна. Энэ орлогынхоо "өчүүхэн хувийг" (тэргүүлэх салбар, онцгой обьект гэдэг утгаараа өөр олон зүйлд хөрөнгө зардаг байж таарна) ажилтнуудынхаа амьдралыг сайжруулахад зарцуулдаг гэх боловч жил бүр 40-50 хүн байгууллагаасаа орон сууцны дэмжлэг авдаг. Нэг хүнд төсөвлөдөг мөнгө нь 30-40 сая төгрөг. Арваад жилийн өмнө бол бүтэн байр аваад өгдөг байснаа харин ч сүүлийн үед "юм нарийсаад" дэмжлэг үзүүлдэг болсон байна лээ.
Гэхдээ энэ бол системийн зүгээс ажилтнуудаа урамшуулж, дэмжиж байгаа хэлбэрийг буруутгасан хэрэг огт биш юм шүү. Зүгээр Иргэний нисэхийнхэн төсвийн мөнгөөр таван ханатай гэр авахуулах хүмүүс бишээ л гэж байгаа юм. Харин гэтэл салбарын сайд нь чадсан байдаг юм.
Чадах чадахдаа бүр "Иргэний нисэхийн салбарын 94 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд ар гэр, амьжиргааны түвшинг харгалзан 10 ажилтанд иж бүрэн таван ханатай гэр олгохоор шийдвэрлэв" гэсэн байна. Мэдээж үүн дээр Б.Энх-Амгалан сайд өөрөө гарын үсэг зураагүй л дээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр" гээд өөрөө гарын үсэг зурсан байдаг юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийнхэн мөнгийг нь төлөөд Б.Энх-Амгалан сайд найрласан байна. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэг болохоор (хэн жишээ нь хулгайн юм өгч байна гэж бодох вэ дээ) тойргийн ард түмэн магад залбираад үлдсэн байх.
ИНЕГ-ын жилдээ зарлагаддаг мөнгөний дэргэд "арван гэр юу юм бэ" байж болно. Гэхдээ л удирдаж байгаа салбар, яам, агентлагийнхаа төсвөөс мөнгө хусчихаад өөрийнхөө халааснаас өгч байгаа мэтээр аашилдаг, сонгогчдын саналыг юухнаар ч болов худалдаж авах гэдэг иймэрхүү нөхдийг л дахин дахин сонгомооргүй байна. Түүнийхээ оронд зүгээр салбартаа хийж гийгүүлсэн ажлынх нь чанар, цар хүрээг л хэмжээд үз. Дарханы замыг л хар...!!!
Б.ЗАЯА