alim.mn | 2025.05.14
Ганц угалзнаас болж БОАЖЯ-ныхан хоорондоо зодолдож байна

БОАЖЯ-ны сүүлчийн 4 сайд нь Д.Оюунхорол, Н.Цэрэнбат, Д.Сарангэрэл, Н.Уртнасан. Үндсэндээ Д.Оюунхорол, Н.Цэрэнбат хоёр нэг тал, Д.Сарангэрэл, Н.Уртнасан хоёр нөгөө тал нь. Тэд дайчин шударгадаа, байгалд хайртайдаа бус ховор ан амьтны зөвшөөрлөөс болж, их хэрүүл дэгдээж байгаа гэх юм билээ. Н.Цэрэнбат УИХ-ын сонгуульд ажлаа өгөхдөө, тэр үедээ “Төрийн ордны тэргүүн ахайтан” шахуу байсан Хатан-Эрдэнээс айгаад ганц үг ганхийгээгүй. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Д.Сарангэрэлийн нөлөө буурлаа, засагт ч орж чадсангүй. МАН дотроо толхилцох хэрээр “60 тэрбум”-ын сайд нар ч толгойгоо өндийлгөж эхэлсэн. Нэг үе хүний нүүр харахгүй Сингапур зугтах шахуу явсан Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт томилгооны бялуунаас хүртлээ. Энэ үеэс эхлэн БОАЖ-ын сайд Н.Уртнасанг салфетка зөөсөнгүй гэж уурладаг, п гэж хараадаг гэхчлэн сөрөг пиар идэвхжив.

 Шинэ хуучин сайдууд  байгал орчинд хайртайдаа биш, ан агнуурын зөвшөөрлөөс үүдсэн маргаан гэх юм билээ.

Тухайлбал нэг ширхэг Алтайн угалз агнах үнэлгээ дэлхийн зах зээлд 200.000 ам.доллар буюу бараг хагас тэрбум төгрөг хүрдэг. Асуудлын цаана асар их мөнгө, ашиг сонирхол явдгаас энэ маргаан эхэлжээ.

   Өмнөх сайд Н.Цэрэнбатын олгосон угалз агнах нэг зөвшөөрлийг Н.Уртнасан сайд өөр компанид олгосонтой холбоотой маргаан эхэлжээ. Ганц угалзын лицензийн төлөө ийм дайн болж байгаа юм чинь БОАЖЯ-наас нэг жилд олгодог угалз агнах 100 зөвшөөрлийн цаана юу болдог нь ойлгомжтой.

  БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын дэмжлэг зөвшөөрлөөр 2020 оны 1-р сард АНУ-д болсон “Дэлхийн зэрлэг хонь хамгаалах сан”-гийн шоунд дуудлага худалдаагаар Алтайн угалз агнах зөвшөөрлийг анх удаа ХАМГААЛАЛТЫН ЗӨВШӨӨРӨЛ-өөр 125,000 доллараар худалдсан байна. Энэ нь Монголд урьд байгаагүй өндөр үнэ байжээ.

Уг дуудлага худалдаанд ялж, эрх авсан АНУ-ын анчин гэр бүл ковидын улмаас 2020 ондоо багтаж Монголд ирж чадаагүй. Тиймээс Монголын талаас зохион байгуулж, санаачилж оролцсон талууд нь 2021 онд гадаад талтайгаа болон Увс аймгийн “Гулзат” агнуурын бүсийн менежментийг хариуцагч “Гулзатын санаачлага” ТББ, аймгийн БОАЖГ-тай харилцан тохиролцож 1 толгой угалз агнуулах гэрээ байгуулан БОАЖ-ын яаманд хүргүүлжээ. Уг гэрээ хууль журамд нийцэж байна гэж үзээд БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга нь баталж, тамга даруулахаар Н.Уртнасан сайдад хүргүүлсэн ч эрхэм сайд тамга дарахаас татгалзсаар өдий хүрчээ.

Мөнгөө төлсөн гадны хүмүүсийг хохироож, улсаараа дэлхийд шившиг болохгүйн эрхэнд Увс аймагтай тохирсон гэрээг батлагдахаар тус компанийн гэрээт анчинд шилжүүлэх тохиролцоотойгоор өөр нэг ангийн компанийн хуваарьт угалзыг тусгай зөвшөөрлөөр нь агнуулжээ. Ингээд зохион байгуулагчид Увс аймгийн Бөхмөрөн сумын “Гулзат” агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч “Гулзатын санаачлага ” ТББ болон Увс аймгийн БОАЖГ-тай тохирч хийгдсэн гэрээгээ баталж өгөхийг шаардснаар өнөөдрийн асуудал үүсчээ.

Сайд Н.Уртнасан угалз агнахыг хориглосон гэсэн үг биш. БОАЖ-ын сайд Н.Уртнасан 2021 оны 6-р сард “2021 онд тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо хэмжээ”-г батлахдаа Увс аймгийн Бөхмөрөн сумын “Гулзат” агнуурын бүс нутагт 2 угалз агнуулах тушаал гаргажээ. Сайд энэ хоёр тусгай зөвшөөрлийг “ Фри Ди жи эс интернэйшнл” болон “Зэв хантинг энд сафари турс” хэмээх хоёр компанид олгожээ. Журмаараа бол БОАЖ-ын сайд тухайн онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилан батлах л эрхтэй .

Харин яамны тухайн асуудлыг хариуцсан нэгж нь оролцогч талуудын гэрээ, агнуулах ангийн төлбөр, хураамжийг төлсөн санхүүгийн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоор заасан. Энэ дагуу БОАЖЯ-ны Амьтан ургамал байгалийн нөөцийн хэлтсээс хууль журмын дагуу хийгдсэн гэрээтэй компанид тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь Н.Уртнасан сайдад таалагдсангүй.

   Гулзатад угалз агнуулахаар батлагдсан 2 квотын нэгийг нь Н.Уртнасан сайдын дэмжиж буй компанид олгох уу?, Эсвэл өмнөх сайд Н.Цэрэнбатын олгосон, хугацаандаа ирж чадаагүйгээс хойшилсон анчдад тусгай зөвшөөрлөө ашиглуулж “хохирсон ” компанид олгох уу? гэдгээс үүссэн маргаан юм.

Шинэ сайд шилэн, ил тод болгох гэж байгаа юм бол хэн сайдын үед хэдэн угалзыг ямар компаниудад хэдэн төгрөгөөр өгсөн, одоо хэд болгож нэмэгдүүлснээ ил зарлах хэрэгтэй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ