Иргэд олон нийтийг хамгийн их бухимдуулдаг зүйл нь эрх баригчид дарга нарын тогтоосон “дабль стандарт” буюу ялгавартай байдал юм. Энэ төрийн албаны бүх түвшинд иргэдэд хандах хандлага, үзүүлэх тусламж үйлчилгээнд тод харагддаг. Дээд түвшний дарга нарт энэ нь эдлэх ёстой хэвийн эрх болсон гэдэг нь УОК-ийн даргын эхнэрийн улаан бүсээр ороод гарсан шуугианаар батлагдсан. Тэгвэл дунд шатанд ч дарга нарын хүрээлэлийнхэн ижил нөхцөлд бусдаас илүү тусламж үйлчилгээ авч байгааг нийслэлийн Сүхбаатар дүүргийн жишээнээс харж болно. Дүүргийн Хурлын даргын туслах болон зохицуулагч цагдаа төстэй асуудлаар буцалтгүй тусламж хүссэн байна. Гэхдээ цагдаагийн нөхцөл байдал хамаагүй хүнд агаад байшин нь бүрмөсөн шатсаны дээр ам бүл олонтой аж. Зүй нь тэрээр их тусламж хүртэх ёстой ч ердөө тавхан сая төгрөг авчээ. Харин хурлын даргын туслах орон байрны нөхцлөө улам сайжруулахын тулд гурав дахин их буюу 15 сая төгрөг авсан байна.