Монголд хамгийн өндөр цалинтай газар бол АТГ-ынхан. АТГ-ын дарга асан АТГ-ыг удирдаж байхдаа Сангарагчаа дарга 2007 онд сардаа 1 сая 600 мянган төгрөгийн цалин авдгаараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас ч өндөр цалин авч, өмнө нь жагсдаг байв. Анх 2007 оны 1 сарын нэгэнд эмхлэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн энэ газар өндөр цалингаас гадна тусгай хангамж ч их байдаг бололтой. Тэр үед ажилтнууддаа байрны дэмжлэг үзүүлэхээр 400 гаруй сая төгрөг зарсан нь нэгэнт ил болсон. Гүйцэтгэх ажлын мөнгө гээд жилдээ хэдэн зуун сая төгрөг чекээр гараад явчихдаг ч араас нь хянаж шалгах ямар ч боломжгүй. Байн байн цахилгаан бараа худалдаж авч электрон барааны дэлгүүрүүдэд чамгүй хөрөнгө оруулдаг аж. 2007 оны 3 сард зөвхөн нэг өдөр гэхэд 125 сая төгрөг гаргаж, компьютер принтер худалдаж авчээ. Зах зээлийн дундаж үнээр бодоход 83 компьютер авсан гэсэн үг. Энэ олон компьютерийг хаанаа шингээж тавьсан юм бүү мэд. АТГ дунджаар 60 гаруй ажилтан, албан хаагчидтай гэж бодоход даргаасаа эхлээд үйлчлэгч, цэвэрлэгч нь хүртэл зөөврийн компьютерээр иж бүрэн “тоноглогдоод”, жорлондоо ч хүртэл компьютертэй байх боломжтой гэсэн үг гэгдэх юм билээ. АТГ 2007 оны 4 сард 2 ширхэг Соната машиныг “Хэт” компаниас 47 саяар авчээ. Тухайн оныхоо 11 дүгээр сарын 5-нд 49 сая төгрөгөөр 2 ширхэг Соната машиныг “Монгол Хьюндэй киа” компаниас авсан бол үүнээс арван хэдхэн хоногийн дараа 11 сарын 23-нд “Хэт” компаниас 73 саяар 2 ширхэг Ланд круйзер жийп машин, “Моннис“-ээс 2 ширхэг Ниссан патрол машиныг 86 сая төгрөгөөр авчээ. Дөнгөж шинээр байгуулагдсан газар гэхэд гайгүй бэлтэй загнаж. Энэ машинууддаа “Детект” гэх компаниар бүгдэд нь 8 сая төгрөгөөр цонхны тас хар хальс наалгуулжээ. Энэ үеэр “BSB сервис”-ээс 7 саяар зургийн аппарат, 5 саяар камер авсан гэхээр ямархуу нүнжигтэй загнадаг нь аяндаа харагдана. Бичиг хэрэг аар саар зардал бол бүр тасрахгүй. Зөвхөн 1 сая 200 мянган төгрөгөөр бичгийн цаас авчээ. Тэрчлэн 5 сарын 13-нд 350 мянгаар бал авсан бол үүнээс 8-хан хоногийн дараа 690 мянган төгрөгөөр бас л бал, гэрийн хамт худалдан авсан байх юм. Энэ олон балаар яадаг юм бүү мэд. Усан спорт сургалтын төвд 2007 онд бараг 7 сая төгрөг өгч ажилтнууд нь “сэлсэн” байх юм. Авлигачдыг усан дотроос л барьдаггүй байлтай. 2008 онд бас ч гэж гайгүй 4 сая 600 мянган төгрөг тушаажээ. Дээрээс нь АТГ-ын ажилтнуудын заал авч тоглосон зардлыг хүртэл төр даасан байх юм. Дунд сургуулиудын заал болон “Монгол газар”-ын заалны түрээсэнд 60 мянгаас 200 мянган төгрөг хэд хэдэн удаа тушаачихсан байх юм. Аль насандаа ямар буян үйлдсэн хүмүүсийг ингэж эрхлүүлдэг юм бол. АТГ ажилд орох болтугай гэж л ерөөмөөр юм билээ. Бүр “Топ” Одгэрэлийн рекламддаг “Аянчин” дэлгүүрээс 40 сая төгрөгөөр хувцас авсан байх юм. Нарийвчилж тодруулбал 2008 оны 2 сарын 19-нд 1 сая 200 мянган төгрөгөөр 6 ш гутал авсан байна билээ. Энэ гутлыг ямар азтан нь өмссөн бол гэдэг нь хэн бүхний сонирхлыг татна бизээ. АТГ-ын Тамгын газрын дарга байсан Г.Бадарч замын зардал томилолт гэхчлэн 10 гаруй сая төгрөгийг өөрийнхөө хувийн данс руу шилжүүлжээ. Энэ мэтээр сөхөөд байвал харин АТГ-аас л юм гарч ирмээр юм билээ. АТГ-ынхан нэг удаа 11 дүгээр сард буяны үйл, ажил явдал “Баянгол” ресторанд хийж, 4 сая төгрөг тушаасан бол, сарын дараа шинэ жилийн үдэшлэгээ “Нүхт”-эд хийж 2 сая гаруй төгрөгөөр найрлажээ. Эднийд 50-60 орчим хүн ажилладаг гэхээр ёстой л хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах иднэ гэдэг л болоо байлгүй. Төрийн албанаас төрсөн ганц “од” Амарбат 2007 оны 12 дугаар сарын сүүлчээр байрны төлбөр гэж 10 сая төгрөг гаргуулан Эко констракшн руу шилжүүлсэн байдаг. Одоо харин цаг өөр болж, удирдлагууд ч солигдсон болохоор арай гайгүй болоо биз дээ.