alim.mn | 2024.12.23
Д.Бат-Эрдэнэ 70 сая, Я.Санжмятав сайд 2 тэрбумаар ажлын байраа тохижуулжээ

Манай улстөрчид хэзээ ч засрахгүй, төсвийн мөнгөнд үрлэгэн ханддаг байдал нүүрлэлээ. Тухайлал 2013 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Албан өрөөгөө тендер зарлалгүйгээр засварлаж, дараа нь дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн тогтоол үйлдсэн гэсэн энэ хэргийг нарийвчлан шалгасан юм. Ийнхүү ИТХ-ын даргыг шалгаж байгаа учраас тус хурал дахь Ардчилсан намын бүлгээс түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорт хандан гаргаж байсан удаатай. Энэхүү хүсэлтдээ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурьдаад, “Хууль бус тендер болон хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд гэрчүүдэд албан тушаалаа ашиглан нөлөөлөх, эд мөнгө амлах, шагнаж, урамшуулах, ажлаас халах, албан тушаал санал болгох зэрэг дарамт шахалт үзүүлж болзошгүй байгаа” учраас ажлаас нь түр түдгэлзүүлж өгнө үү гэсэн байна. Д.Бат-Эрдэнэ дарга 70 гаруй сая төгрөг зарцуулсан гэдэг. Гэтэл тухайн үед Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав төсвийн хоёр тэрбум төгрөгөөр ажлын байраа тохижуулжээ. Хуучнаар Хөдөө аж ахуйн яамны байрны ганцхан давхарт нүүн орсон Хөдөлмөрийн яамны засварт эрхэм сайд хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Төсвийн хөрөнгийг хувийнхаа юм шиг дур мэдэн зарцуулсан гэдгийг нь ч эх сурвалжууд хэлж байна. Я.Санжмятав сайдын яамны засварт зарцуулсан хоёр тэрбум төгрөгийн 60 хувь нь улсын төсвийнх, үлдсэн 40 хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгө байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ