alim.mn | 2025.06.09
Бэрдээ коронавирусний шинжилгээний сорьц нууцаар өгсөн ХӨСҮТ-ийн сувилагчийн хэргийг Өршөөлийн хуульд хамруулжээ

Ийм нэгэн хэрэг өнгөрсөн хавар гарчээ. Тухайн үед коронавирусний халдврын шинжилгээ хийх хэрэгсэл худалдаанд гараагүйн дээр алхам тутамд ПСР хариу шаардаж байсан нь ялангуяа бусад өвчнөөр эмнэлгээр явдаг иргэдэд хүнд бэрхшээл саад болж байлаа. ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт судалгааны албаны сувилагч Ц.Д нь тэр үед ажил дээрээ 14 хоног тусгаарлагдан батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас шинжилгээ авах ажилд дайчлагдаад байжээ. Энэ үед бэр нь залгаж “эмнэлэгт үзүүлэх гэхэд ПСР хариу шаардаад байна, цаг авсан чинь 10 хоногийн дараа гэж байна” гээд бэлэн сорьцын материал өгөхийг гуйжээ. Хадам ээжийгээ татгалзахад эмч мэргэжилтэй бэр нь уйлан “миний бие өвдөөд байна, та надад тусал, бэлэн сорьцын материалаа өгчих, би өөрөөсөө шинжилгээ аваад танд хүргээд өгье” гэжээ. Ингээд 2021 оны 3-р сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд сувилагч Даарий  шинжилгээнд гарахдаа ХӨСҮТ-ийн хашааны төв хаалганы дэргэд бэрдээ хоёр ширхэг сорьц сэм өгчээ. Өмнө нь эмчээр ажиллаж байсан бэр өөрөөсөө коронавирусний “шинжилгээ” авсан гэнэ. Ингээд өдрийн  12 цагийн үед хадам ээжийгээ шинжилгээний ажлаасаа буцаж ирэхэд хаалганы дэргэд харуулд гарч байсан хоёр цагдаагийн дундуур улаан цайм өгчээ. Цагдаа нар сорьц дамжуулах үйлдлийг таслан зогсоогоогүй аж.  Хадам нь бэрийнхээ өгсөн хоёр сорьцийг шинжилгээнд оруулжээ. Гэтэл маргааш нь хоёр сорьцын хариу хоюулаа эерэг гарсанаар бөөн хэрэг манджээ. Хадам ээж нь залгаж хэлэхэд айсан бэр утсаа шууд тасалсан гэнэ. ХӨСҮТ-ийнхэн эерэг гарсан хоёр хариуны нэг эзэн болох сувилагч Даарийгийн хүү рүү залгасанд тэрээр шинжилгээ огт өгөөгүй болохоо хэлж ахин хэрэг мандуулжээ. Ингээд шалгалт хийхэд сувилагч эмэгтэй бэрдээ хоёр сорьц өгсөн, бэр нь өөрөөсөө хоёр удаа шинжилгээ аваад нэгэнд нь өөрийнхөө, нөгөөд нь нөхрийнхөө нэрийг бичээд өгсөн нь тогтоогдсон байна. Тэрээр өөрөөсөө гадна Замын-Үүд хотын хооронд тээвэр хийгээд ирсэн нөхөртөө ч мөн ПСР-ийн  сөрөг хариу гаргуулах санаатай байжээ.  Гэсэн ч өөрөө халдвар авсан байжээ.   Ийнхүү бэрдээ коронавирусний шинжилгээний сорьц нууцаар өгсөн ХӨСҮТ-ийн сувилагчийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам заавар, шаардлагыг зөрчиж, халдварт өвчин тарах нөхцлийг бүрдүүлсэн гэж ялласан ч шүүх Өршөөлийн хуульд хамруулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ