alim.mn | 2024.12.22
ӨМӨЗО-ны иргэн, Токиод 30 жил амьдарсан профессор эмэгтэй 99999 иенийн хандив өглөө

Өвөр Монголын өөртөө засах орны иргэн "Токио 2020" Зуны Паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчдаа дэмжиж, Пауэрлифтингийн төрөлд нэг алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилт гаргасанд талархал илэрхийлэв. Япон улсад 30 гаруй жил ажиллаж амьдарч буй, Японы Шёовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор тэрбээр Үндэсний Паралимпын хорооны үйл ажиллагаанд, тухайлбал, Пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 99999 иенийн сэтгэлийн хандив өргөлөө.

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Октябрын Цэрэнжаргал, Монголын үндэсний Паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүүтэй уулзаж, энэхүү сэтгэлийн хандивыг гардуулан өгөв.

Энэ үеэр Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Монголын баг тамирчдыг дэмжсэн монгол угсаатан эрхэмд халуун талархал илэрхийлээд, "Паралимпын багаа дэмжиж байгаа болон дэмжлэг үзүүлэх хүсэлтэй олон хүн бий. Тэднийхээ дэмжлэгийг бид хүлээн авах болно. Тийм ч учраас Үндэсний паралимпын тамирчдаа дэмжихийг уриалж байна. Та бүхний хандив тусламжийг Монгол Улсад пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд бүрэн дүүрэн, ил тод байдлаар зарцуулна" гэж гэлээ.

Пара спортыг дэмжиж ажиллах, сэтгэлийн хандив өргөх хүсэлтэй ард иргэд, хувь хүмүүс, байгуулагууд Монголын үндэсний паралимпын хорооны Худалдаа хөгжлийн банкны 499254382 тоот дансанд хандиваа өргөхөд нээлттэй юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ