Сул дорой Засгийн газрын тогтоол шийдвэрийг засаг баригчид өөрсдөө зөрчиж эхэлдэг. Хөдөө орон нутагт коронавирусний халдвар хяналтаас гарсан өмнөх цар орон нутгийн удирдлага хүмүүсийн бөөгнөрлийг үүсгэх ямар нэгэн арга хэмжээнээс эрс татгалзах ёстой байсан ч чадаагүй. Харин ч төсвийн хөрөнгийг үрэн байж бүхий л зөвшөөрлийг нь өгөх зэргээр өөрсдөө манлайлсан байна. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 8-р сарын 11-13-ны өдрүүдэд “Их цагаан суваргыг бүтээх шав тавих ёслол, Булганхангайн хурд-2021, Сүхбаатарын одогийн мялаалга” зэрэг урт гуншинтай наадамд төсвийн 10 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ арга хэмжээнд олон хүн цугласан нь мэдээж. Суварга бүтээгээд коронавирус дарагдахгүй, морь уралдаад халдвар буурахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Сүхбаатарын одон байтугай гавьяатын одонгийн найрнаас бөөнөөрөө халдвар тохиолдол олонтоо гарсан. Ийнхүү хөдөөд халдвар тархахад наадамсаг, уралдаанч, овоо тахиж бөх шагнах “өвчтэй” засаг ноёдын ухаангүй үйлдэл нэрмээс болсоор байна.