Өмнөд Солонгосын дуу бүжиг, кино урлаг Азийн төдийгүй дэлхийд, тэр тусмаа Америкт Холивудэд "хүрч" эхэллээ. Хамтлагууд нь дэлхийн ододтой хамтарч, Америкийн дуу хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолд уригддаг болсон. Одоо дэлхийн кино урлагийн салбарт цахиур хагалж байгаа билээ. Өмнөд Солонгосын найруулагч Бон Жу Хогийн найруулсан "Parasite" кино 92 дахь удаагийн Оскарын кино наадамд зургаан төрөлд нэр дэвшиж, дөрвөн Оскар авсан юм. Тэгвэл "Parasite" кинонд дүр бүтээж, "Itaewon Class" цувралаараа дэлхий нийтэд танигдсан жүжигчин Пак Со Жун "The Marvels" кинонд тоглохоор боллоо.
Солонгосын жүжигчин Пак Со Жуны харьяалагддаг "Awesome Entertainment" агентлаг албан ёсны мэдэгдэл хийж, шүтэн бишрэгчдийнх нь таамаглалыг баталлаа.
Пак Со Жун зураг авалтдаа оролцохоор энэ сарын 3-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотыг зорьжээ. Түүний харьяалагддаг агентлагийн зүгээс "The Marvels кинонд жүжигчин Пак Со Жуны ямар дүр бүтээх, цагийн хуваарь болон зураг авалтын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд хүргэх болно” гэсэн байна.