alim.mn | 2025.01.01
С.Чулуун 13-р зууны илд, нум сум “бүтээлгэх”-ээр 21-р зууны урчуудын дунд 170 сая төгрөгийн тендер зарлажээ

Өдгөө байгуулагдаад байгаа “Чингис хаан” музейд хоёр гамшиг нүүрлээд байна. Нэг нь Монголын түүхийн маш үнэтэй 640 мянган хуудас материалыг хятадуудад хувилж өгсөн хэргийг өдүүлсэн гэх С.Чулуун музейг удирдаж байгаа бол нөгөө нь Их хааны эдэлж хэрэглэсэн байтугай тухайн үеийн гээд тавьчихаар үзмэр огт байхгүй шахуу байна.  Музейн ичдэггүй удирдлага улаан цайм аргаар буюу хуулбараар дүүргэхээр нэгэнт шийджээ. Ингээд Чингис хааны нэртэй холбоотой, нэрд гарсан эд өлгийн зүйлсийг гадаадын музейгээс хуулбарлан авчирч байгаа бол үлдсэн хэсгийг нь урчуудаар хийлгэхээр бүр тендер хүртэл зарлаад байна. Үүнд 50 сая төгрөгийн өртөгтэй хазаар хударганы чимэглэл, мөн  50 саяар үнэлэгдэх алтан бүс буюу агсарга хийлгэж үзмэр болгон тавих гэнэ. Алтан чимэгтэй төмөр илдийг 12 сая төгрөгөөр хийлгэх аж. Адууны 120 ширхэг тамга хийлгэхэд бас л 50 сая төгрөг зарцуулахаар тендерт тусгажээ. Ийнхүү Чингис хаан музейн үзмэрийн тал нь хуулбар, үлдсэн нь тендерээр хийлгэсэн эд байх аж. Нэртэйгээр нь “үзмэр”-ийнхээ тайлбарт тендерийн өртөг, урласан урчуудых нь нэрийг биччих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр түүхээ худалдсан хэрэгт холбогдож байсан захиралтай музей олон арван сая төгрөгийн өртөгтэй, бүр алт мөнгөн чимэглэлтэй эд зүйлс хийлгэж байгаад нь хөндлөнгийн хяналт оруулахад тун гэмгүй санагдана.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ