alim.mn | 2024.12.22
Э.Бадар-Ууган: Тамирчныг бурханчлан шүтэхгүй, нэг тамирчнаар дутахгүй

Монголын боксын холбоо есдүгээр сарын 5-ны өдөр ээлжит хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ. Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Уурлаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Энэ талаар МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг "МБХ-ны удирдах зөвлөл шинээр сонгогдож, ажлаа аваад удаагүй байна. Хоёр дахь хурлаараа дөрвөн асуудлыг шийдвэрлэсэн. Бид Монголын боксын амжилт ололт, алдаа дутагдлыг тамирчин хүний ёс суртахуун, хууль дүрмийн хүрээнд байх ёстой, үүнийг удирдлага болгон ажиллаж байна. Удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-ий сорилго эхлэх гэж байна. ДАШТ-д оролцох баг, дасгалжуулагч, гарах зардлыг тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Энэ удаагийн ДАШТ-д оролцох тамирчдын сорилгыг явуулах бүрэлдэхүүнийг баталсан. Мөн Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул МБХ-ны УЗ-ийн хурлын шийдвэрээр ДАШТ-ий сонгон шалгаруулалт, шигшээ багаас хасах шийдвэрийг гаргалаа" гэв.

Мөн МБХ-ны ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Э.Энхтөр "Тамирчин Э.Цэндбаатар ямар ямар алдаа гаргасныг сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр та бүхэн сонссон байх.  Би энэ ажлыг хоёрдугаар сараас хүлээн авсан.  Боксын тамирчид үеийн үед сахилга бат, ёс суртахуунтай байж ирсэн, ийм ч шаардлагатай спорт. Мундаг гавьяа байгуулсан тамирчин хэдий ч ийм олон удаагийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Удахгүй бид ДАШТ-ий сорилго тэмцээнээ зохион байгуулах гэж байна. Гэтэл тамирчид ийм сахилга батгүй байвал ямар амжилт үзүүлэх вэ. Тамирчид амжилт гаргахаас гадна зөв хүн бол төлөвших шаардлагыг тавьдаг. Тиймээс олон удаагийн алдааг уучилж болохгүй. Шийдвэрийг зөв гэж үзэж байна. Э.Цэндбаатарыг үлгэр дуурайл болгож буй залуу тамирчид бий. Гавьяат, гавьяа байгуулсан тамирчид ч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Бид цаашид сахилгын хариуцлагыг барьж ажиллана. Улам хатуу сахилга баттай байна.   Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан" гэлээ.

 Удирдах зөвлөлийн гишүүн олимпийн аварга Э.Бадар-Ууган “Боксчин хүн маш их сахилга баттай байх ёстой. Багш болон өрсөлдөгч тамирчдаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Э.Цэндбаатар тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдсэн тул арга хэмжээ авсан. Ямар нэг тамирчныг бурхан шиг шүтэхгүй, араас нь гарах тамирчдыг бэлддэг. Энэ нь спортын ардчилал юм" гэж байр сууриа илэрхийлэв.

МБХ-ноос Токио-2020 олимпын наадмаас медальгүй ирсэндээ уучлал хүссэн бөгөөд дараагийн олимпоос алтан медаль авахын тулд сахилга баттай, хичээнгүй ажиллахаа илэрхийллээ.

Уг шийдвэртэй холбоотой Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Би ДАШТ-д орно гээд бэлтгэлээ хийж байсан. Одоо бэлтгэл хийх шаардлага алга" гэсэн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.126.88.64
Өө ийм шаардлага хатуу явж ирсэн юм бол энэ хүн яагаад архи уудаг болчихов. Худалаа үлгэр бүү ярь Бадар-ууганаа. Тийм их ёс зүйтэй юм бол ямар учиртай блэглэн зодов. Танайд ердын үзэгдэлүү.
Төстэй мэдээ