
Цар тахлын үед иргэдийн орлого олон дахин буурсан бол сайд дарга нарых нэмэгдсэн. Тэднийг Шадар сайд С.Амарсайхан манлайлж орлого нь 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Өчигдөрхөн Шадар сайдтан ХӨСҮТ-д “ажилласан” бичлэг цахимаар цацагдсан. ПСР шинжилгээ өгөх гэж үүрээр ирж дугаарлан зогсож байгаа иргэдээс түүний асуусан зүйл нь сайн дураараа ирж өгч буй эсэхийг лавласан явдал байлаа. Төр засгийн урагшгүй ажиллагаанаас болж иргэд өөрсдийгөө өөрсдөө л хамгаалахаас өөр аргагүй болсон гэдгийг аль эрт ухаарсан. Тийм ч учраас ийнхүү өглөө эрт шинжилгээ өгөхөөр ирж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Харин цар тахлын эсрэг тэмцлийг “удирдаж” байгаа сайдад ойлгомжтой бус аж. Тиймээс анх сургуулийн босго алхаж буй 6 настай хөөрхөн хүүхэд "Яагаад, яагаад" гэсэн асуулт тавих аж. Мөн ямар зорилгоор шинжилгээ өгч байгааг нь сонирхох зэргээр танин мэдэхүйн шинжтэй асуулт тавигдсан зэрэг нь сайдын камер дагуулж энд тэнд хэрхэн “ажилладаг”-ийг тод харуулсан ээлжит бичлэг байсан юм. Ийнхүү ХӨСҮТ-д үр дүнгүй ажилласны дараа “хүндлүүлсэн” байж магадгүй юм.
Учир нь С.Амарсайханг очиж ажилласан газар “хүндэтгэл” үзүүлэхэд төсвийн хөрөнгө зарцуулдаг болжээ. Шадар сайдтан өнгөрсөн 7-р сарын сүүлээр Газрын зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт “ажиллажээ” Энэ үед хүндэтгэлд нь 468 мянган төгрөг зарцуулагдсан байна. Бараг хагас сая төгрөг бол их хөрөнгө юм. Энэ их “хүндэтгэл”-д юу багтдаг нь сонин. Тансаг идээ ундаа, бэлэг дурсгал ордог биз. ХӨСҮТ-д ажилласан шигээ “ажилладаг” юм бол төсвийн хөрөнгөөр хүндлүүлэх хэрэг байна уу Шадар сайдаа ?

