alim.mn | 2024.12.31
“Борис Жонсоны дүү Монголын залилангийн бүлэглэлд 14 сая фунт алдлаа” гэж “The Times”-т бичжээ

“Засагчандмань” компанийнхан Английн ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсоны оруулсан 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг үрэн таран хийж зувчуулсан талаарх мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл цувралаар хүргэсэн.

Тэгвэл энэ хэрэгт гаднын хэвлэлүүд ч анхаарал тавиад эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 5-нд Английн “The Times”-т “Борис Жонсоны дүү Монголын уул уурхайн компанид 14 сая фунт алджээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлд хэрхэн бичсэнийг тоймлон хүргэе.

 

Луйварчдад алдсан мөнгөө эргүүлэн авах Макс Жонсоны оролдлого нь гацаанд орсон. Гэсэн ч тэрбээр гэр бүлийнхээ нэр төрийг ийм зүйлд хутгахыг хүсэхгүй байна гэдгээ илэрхийлэв.

Учир нь түүний Их Британийн Ерөнхий сайдын дүү гэдэг нь энэ хэрэгт эергээр болон сөргөөр нөлөөлж болох юм. Макс Жонсоны далайд гарцгүй Азийн Монгол оронд олон сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн нь бүтэлгүйтсэн. Тиймээс Борис Жонсоны дүү өөрийн алдсан хөрөнгөө хамгаалж, эргүүлэн авахаар тэмцэл хийж байна. Гэхдээ Макс ахыгаа эвгүй байдалд оруулахгүйгээр Их Британийн Засгийн газраас хэрхэн тусламж хүсэх вэ?

Өдгөө 36 настай Макс Жонсон өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “Би өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгохыг хүсээгүй” гэжээ. Тэрбээр зөвхөн хувиасаа 1.5 сая фунт стерлингийн зардал гаргачихаад байна. “Засагчандмань” компанийн алт, зэс, төмрийн хүдрийн уурхайд 14 сая орчим фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийснээр залилан, мөнгө угаах гэмт хэргийг хохирогч болсон. 

Макс Жонсон энэ талаар цааш нь хэлэхдээ “Би энэ асуудалд хувь, хувьсгалаа ялгаж байгаа бөгөөд давуу байдлаа хэзээ ч ашиглахгүй” гэсэн байна. 

...“Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа боловч прокурорын ширээн дээр маш удаан хугацаанд хүлээгдэж байгаа. Уг нь яллах дүгнэлтийг нэг сарын дотор гаргадаг боловч бидний хохирсон хэрэг таван сарын турш прокурорт хүлээгдэж, удааширч  байгаад би маш их санаа зовж байна” хэмээн Макс Жонсон хэлэв.

Учир нь энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох ямар ч боломжгүй болгож магадгүй гэдгээс болгоомжилж, Макс Жонсон энэ хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд хүрчээ.

Гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд энэ байдлаар бүтэлгүйтээд байвал Монгол Улсад орох цаашдын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг Монголын Засгийн газар ойлгож байгаа гэдэгт тэрбээр итгэлтэй байна.Түүнтэй Индонезид байхад нь утсаар холбогдоход “Ерөнхий сайдын дүү байх нь надад ямар ч давуу тал болохгүй. Болсон асуудал зөвхөн миний хувийн л  асуудал. Миний хувьд амаргүй байна” гэв.

Ахтайгаа сайн харилцаатай хэдий ч “Жонсон” нэрээр бизнес хийх нь эрсдэлтэй болохыг тэр сайн мэддэг болохоо ийнхүү илэрхийлсэн байна.

Макс Жонсон болон хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын шүүхээр дамжуулан хохирол, нөхөн төлбөрөө ойрын хугацаанд авна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол Улсын шүүх нь хараат бус бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байж чадахаа харуулах нь хамгийн чухал зүйл юм” гэж тэрбээр хэлэв.

Их Британийн эрх баригчид түүнд тусалж чадах болов уу гэсэн асуултад тэрбээр “Тийм ээ, хэрэв тэд тусалъя гэвэл би татгалзахгүй. Энэ бол миний найдаж байгаа зүйлийн нэг” гэж хариулав” хэмээн бичжээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ