alim.mn | 2024.12.22
Программистууд 16 сая еврогийн тендерийн ажлыг амралтаараа хийгээд сайдыг огцруулжээ

Төрийн сайд нар татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулдагийг Чехийн программистууд яруу тод харуулж бүр нэг сайдыг огцруулж чаджээ. Тус улсын Зам тээврийн сайд Владимир Кремлик төлбөртэй хурдны замд цахим зөвшөөрөл олгох программ зохиох хаалттай тендерийг 400 сая чех крон буюу 16 сая еврогийн өртөгтэйгээр зарлаж "Asseco Central Europe" компани ялжээ. Сайд ялагчтай сайтыг хийх мөн хөгжүүлж нутагшуулах 4 жилийн гэрээг байгуулсан гэнэ. Харин энэ явдал Чехийн IT хүрээнийхний дургүйцэл, эсэргүүцлийг өдөөжээ. "Actum Digital" компаний захирал Томаш Вондрачек тендерийг "утгагүй хэрэг" гэж нэрлээд татвар төлөгчдийн мөнгийг ур ашиггүй зарцуулдагийн нэгэн жишээ хэмээн дүгнэсэн. Мөн сайдын 16 сая евро төлөх сайтыг амралтын хэдхэн өдөрт л хийчихнэ гэж зарласан нь шуугиан тарьжээ. Тэрээр программчидийг Зам тээврийн яамны тендерт зарласан шалгуурыг хангасан сайт, платформыг хамтgjx хийгээд Засгийн газарт бэлэглэхийг уриалжээ. Энэ уриалгад 300 программист нэгджээ. Тэднээс 60 нь энэ сарын 24-ны баасан гаригийн орой "Actum Digital" компаний байранд цугларч амралтын хоёр өдөрт бүхий л шаардлага, шалгуурыг хангасан fairznamka.cz сайтыг хийсэн байна. Энэ явдал олны анхаарлыг татсан тул Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш өөрөө очиж үзэн сонирхсон. Программистуудын амралтын хоёр өдөрт бүтээсэн сайт 27-ны даваа гаригт хэвийн журмаар ажиллаж эхэлжээ. Эхний өдөр 175 мянган хүн хандаж он-лайн худалдаа хийгдэж ачааллыг хэвийн давсан байна. Бэлэн сайт хүлээн авсан Засгийн газар ажлын хөлсийг төлөх санал тавихад программистууд татгалзсан гэнэ. Энэ хэрэг явдлаас үүдэн Ерөнхий сайд нь Зам тээврийн сайд Владимир Кремликийг огцруулжээ. Мөн сайтыг ажиллагааг хариуцан гүйцэтгэх компанийг нээлттэй сонгон шалгаруулахаар зарлажээ. Харин энэ тендерт "Actum Digital" компаний захирал Томаш Вондрачек оролцохгүй гэдгээ мэдэгджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ