alim.mn | 2025.05.14
5 ам бүлтэй, 36 лицензтэй "МАК" нэмээд Отгонтэнгэрийн өврийг ухах лиценз авчээ

Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг дэвсгэрт МАК компани 2020 онд Хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн баруун өвөр. Отгонтэнгэр хайрхны өвөрт алт эрдэнэс хайх санаа МАК-аас л гарч, МАК л энэ газар нутагт зөвшөөрөл авч чадна. Энэ нутаг нь дэлхийд ховордсон Аргаль хонины жилийн 4 улирлын нутаг. Мөн тус багийн малчдын 80 хувийнх нь өвөлжөөний нутаг болохоор нутгийн иргэд нь эсэргүүцэж байна.

 Завхан аймгийн засаг даргын зүгээс Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч МАК компани байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын хуульд заасан үүргээ биелүүлээгүй учраас лицензийг нь цуцлах саналыг Уул уурхайн сайдад тавьжээ. Орон нутагт байгаа цорын ганц эрх мэдэл нь угаасаа энэ заалт. Харин Г.Ёндон сайд хариуд нь Ашигт малтмалын хуулийн 56.1 буюу лиценз цуцлах үндэслэлд энэ заалт байхгүйг дурджээ. Хамгийн сонирхолтой нь “2021 онд Уул уурхайн сайд, Завхан аймгийн Засаг дарга хамтран ажиллах ГЭРЭЭНД Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана" гэсэн тул тус компаний хайгуулыг дэмжиж ажиллахыг үүрэгджээ.

Отгонтэнгэр хайрханыг Монголыг даасан хайрхан гэлцдэг. Отгонтэнгэрийн тахилгаар “МАК”-ийн захирлууд хувийн онгоцондоо Наро Ванчин гэгээнтэнг суулгаад хамгийн түрүүнд ирж, оройд нь залардаг. Ядаж шүтээн хайрхан Отгонтэнгэрийн өврийг онгичихгүй орхиж болохгүй юу?

  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Төрд даварсан хүн байгаа. Ард түмний байгалийн баялгийг хууль бусаар хувьдаа авч баяжсан, хууль дүрмийг уландаа гишгэсэн, үр хүүхдээ төрийн албанд шургуулсан, төрийн удирдах түвшинд гаргасан олигархи хүмүүс байгаа. Баялгийн сан байгуулж, ядуу зүдүү ард түмнээ өөд нь татна. Бидэнд мөнгө байна. Тэр байгалийн баялаг цөөн гэр бүлийн гарт оччихоод байна. Тэгээд цагдаа, шүүх, прокурортой нийлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгана.  

Би газрын доорх баялагтай холбоотой асуудлыг ярьж байгаа шүү. Монголын 3.2сая хүн идэх ёстой баялгийг тавхан ам бүлтэй айл авчихаад байгаа. Тавхан ам бүлтэй нэг айл  36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна. Төрийн эрх мэдлийг эзэмшиж байгаа. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Цагаан Суварга гэхэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй орд. Төр авах ёстой юмаа авна” гэж 2019 онд хэл байлаа. Гэтэл 2020 онд “дийлдэхгүй” нэмээд лиценз авчээ. “МАК”, Хөвсгөлийн тайгад эдлэнтэй, их эзэн Чингис хааныг хааныг өргөмжилсөн газар буюу хиад боржигин удмынхны уугуул нутаг Хар зүрхний Хөх нуурт эдлэнгээ босгосон.

Дорноговь, Дорнод аймгийн алттай, нүүрстэй газар болгонд МАК-ийн лиценз бий. Гэтэл юу дутлаа гэж Отгонтэнгэрийн өврийг сэндийхээр улайрч, нутгийн малчдын голыг харлуулж, аргал янгирын нутгийг түйвээхээр санаархана вэ?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
3 жилийн өмнө
202.179.25.139
күэ одоо худлаа байлгүй дээ.
Төстэй мэдээ