УИХ-ын Ж.Сүхбаатар Засгийн газрыг цар тахлаар далимдуулан сүүлийн 1,5 жил хяналтгүй ажиллаж байгааг шүүмжилсэн. Олон томилгоо, тендер “ковидын онцгой нөхцөл” гэгчээр хууль журам зөрчин явагдсан. Засгийн газрын дураараа дургилтыг дунд шатны дарга нар ч дууриаж байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар Баяхзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, НАМЗХ-ны НБД асан, НАМЭХ-ны ЕНБД зэрэг урт гуншинтай алба хашиж байсан Ү.Оюунзул томилогдсон. Гэсэн ч байдал дээрдсэнгүй. Өмнө нь холбогдох байгууллагаас тус хүрээлэнд тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийж байгааг анхааруулсаар атал 25 сая төгрөгийн өртөгтэй “өвөл зуны ажлын гутал худалдан авах тендер”-ийг сонгон шалгаруулалт хийлгүйгээр 19 сая төгрөгөөр шууд худалдан авжээ. Ингэхдээ хурган дарга нарын “нохой” заль гарган тендер шалгаруулах 10 сая төгрөгийн босгонд хүргэхгүйн тулд төсөвт өртөгийг дөрөв хуваагаад дөрвөн өөр газраас худалдан авсан байна. Түүнээс гадна 47 сая төгрөгийн бууцны тендерт бичиг баримт дутуу “Галакси энтэртайнмент, 45 сая төгрөгийн “зүлэг хадагч том машин худалдан авах” тендерт мөн л бичиг баримтын зөрчилтэй “Есөн зэв” компанийг ялуулсан аж. Мөн тус хүрээлэн нь ТУЗ гэдэг том “ам”-ыг жилийн 30 гаруй сая төгрөгөөр тэжээсээр иржээ. ТУЗ гуай өнгөрсөн онд гуравхан удаа хуралдаад л 15 сая төгрөгийн цалин урамшуулал хүртсэн байна. Хүрээлэнгийн удирдлага ажилтнуудынхаа хавсран ажилласаны нэмэгдлийн хувийг ч зөв тогтоож чадаагүй гэнэ. Улс төр судлаач, төрийн захиргааны удирдлагын магист зэрэгтэй МАН-ын шилдэг залуу боловсон хүчин даргаар очсон ч “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д иймэрхүү маапаан гарсаар байна.