alim.mn | 2025.05.14
Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ХАССАНААР 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ гарах боломж бүрдсэн
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан "Ам нээвэл" нэвтрүүлэгт орох үеэрээ "Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасах шийдвэрийг өнгөрсөн хавар гаргасан. Үүний үр дүнд 12 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж, үүнийг хувийн сургуулиудын зүгээс ойлгож хандсан. Би 10 саяас дээш төлбөртэй хувийн сургуулиудад энэ шаардлагыг тавьсан.
Энэ мөнгөөр хичээлийн хоцрогдолд орсон 183.000 хүүхдийн интернет орчин, гэрэл цахилгаантай болгох боломжийг олгох, хоцрогдлоо нөхөхөд зарцуулъя гэдэг ийм л шаардлага байсан. Ирэх 3 жилд ч гэсэн хувьсах зардлын хэмнэлт гаргаж тодорхой оновчтой зүйлд зарцуулъя л гэж байгаа юм.
Жишээ нь Нийслэлийн 10.000 гаруй өрхийн 40.000 орчим хүүхэд гэрэл цахилгаангүй, интернет орчин, дэд бүтэцгүй газар амьдарч байгаа. СХД, БЗД-ийн зах руу задгай нэртэй хаяг, харьяалалгүй өрхүүд рүү эрчим хүч татаж эхэлсэн гэх мэт ажлууд эхэлсэн. Өвөл гэхэд энэ зорилт биелэх болов уу.
Харин би бүгдэнд нь зурагт авч өгнө гэж худлаа ярьж чадахгүй. Ямарч байсан интернет орчныг нь бий болгож өгнө. Энэ намар нилээн хэл ам дагуулж, нилээн эрсдэл үүрч 9 дүгээр сарын 1-нд танхимын болон танхимын бусаар хичээл эхлүүлдэг нь хоцрогдолд орсон энэ хүүхдүүдээ түлхүү авчирч танимаар хичээлийг нь нөхүүлье ээ гэдэг зорилго байсан.
Тэрнээс биш гэрт чинь цахилгаан халаагуур тавьж өгье, зурагт авч өгье, хоцрогдолд орсон бүх хүүхдүүдэд айпад тавьж өгөөд хоцрогдлыг нь арилгана гэдэг худлаа зүйл..."гэж ярилаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ