Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр: Жил бүр есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд хуурайшилт буюу түймрийн аюултай үе гэж үздэг. Ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Тэр дундаа самар түүх, аялал зугаалга, хашааны шар өвсөө шатаах зэрэг санамсаргүй үйлдлээс ой хээрийн түймэр маш ихээр гардаг. Өнгөрсөн жил таван удаагийн ой хээрийн түймэрт 22 га талбай газар, шар өвсний 275 дуудлагаар 59.7 га газар шатсан байдаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн. Иймд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн газар, НОБГ зэрэг газрууд энэхүү аяныг зохион байгуулж байна. Тус аяныг урлаг спортын олны танил эрхмүүд дэмжин ажиллаж байна. Мөн харилцаа холбооны дөрвөн том оператор болох Мобиком, Юнител, Скайтел, Ж Мобайл компаниуд сэрэмжлүүлэх мессежийг илгээж хамтран ажиллаж байгаа. Ойд гал алдсан бол нэг секундийн дотор хоёр метрийн талбай галд өртдөг. Цаашлаад ан амьтан амьдрах орчингүй болно. Иймээс иргэдийг ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
НОБГ-ын мэргэжилтэн Г.Нэргүй: Гал түймэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд аливаа мэргэжлийн байгууллагаас гадна иргэдийн хамтын ажиллагаа маш чухал. Иймээс иргэдийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жил ой хээрийн түймэр 48 хувиар буурсан байсан. Иргэд хавар намрын хуурайшилтын үед шар өвсөө шатаадаг. Түүнчлэн самар түүх зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдлийн улмаас ой хээрийн түймэр гардаг. Иймээс ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Энэ аяны хүрээнд олны танил хүмүүс бидэнтэй хамтран ажиллахаар болсон.