Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль халуухан болох төлөвтэй. Учир нь нэв дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэр нэр дэвшигчид маргалдаж, нэгийгээ "мангастсан" хэрэг гарлаа. Энэ "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" нь хуульч Х.Бат-Ялалт. Тэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг олны өмнө "мангастав".
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль ирэх ирэх аравдугаар сарын 10-нд болно. Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд зургаан нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан. Энэ дагуу нэр дэвшигчид СЕХ-оос өнөөдөр үнэмлэхээ гардаж авсан юм.
Энэ үеэр “Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтад "Өнгөрсөн сонгуулиар У.Хүрэлсүхийг дэмжинэ гээд талбай дээр туг намируулаад гүйж байсан биз дээ. Чи нэр дэвшихгүй” гэж хэлээд мангастуулав. А.Отгонбаатарын ингэж хэлдэг ч ортой.
Учир нь “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт өнгөрсөн зургадугаар сарын 4-нд “Би 2004 оноос нийгэмд шударга ёс тогтоохын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн. Анх талбай дээр Үндсэн хуулиа бариад шударга нийгэм, шүүхийн төлөө үг хэлж байсан. Бид өнөөдөр нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх цаг болсон. Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө нийт 70 гаруй төрийн бус байгууллага нэгдсэн байгаа. Иймд шударга нийгэм, ард түмний эв нэгдлийн төлөө МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Олон нам, эсвэл төрийн бус байгууллагууд өөр өөр үзэл бодолтой, чиг үүрэг нь өөр ч эх орон, шударга ёсны төлөө нэгддэг байх ёстой. Үндсэн хууль, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдэх учиртай” гэж мэдэгдэж байв.
Харин А.Отгонбаатарын хувьд өнгөрсөн дүн өвлийн хүйтэнд гэрийн халад, углааш өмсөөд Засгийн газрын сайд нараас огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж явсан. Жагсаалын дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллахаар болж, төд удалгүй хэдхэн хоногийн дараа үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан хүн.