ЖДҮХС-гаас авсан зээлийн асуудал, томоохон албан тушаалтнуудын авлига авсан гэх хэргүүд одооноос ил гарч, энэ талаар зоригтой хэлэх залуус цөөнгүй гарч ирлээ. Энэ үед Т.Бадамжунай гэдэг сайн “сангийн даамал” байсан тухай сөхөгдөж байна.
ЖДҮХС, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хөрөнгөнөөс олон тэрбум төгрөг авсан байж болзошгүй хэрэгт түүнийг шалгахын өмнөхөн ийнхүү хил даван зугтсан гэж бичигдэж байгаа. Түүнчлэн Т.Бадамжунай хил давахаасаа хэдхэн хоногийн өмнө “Twin tower” барилгад байдаг өрөөндөө хоёр сая гаруй ам.доллароо бэлтгэсэн гэж хүртэл яригдсан. Юутай ч Т.Бадамжунай Атрын гуравдугаар аян, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг дураараа зарцуулж явсан гэлцдэг. Бүр Ерөнхий сайд С.Баярт зориулан зам тавьж өгсөн гэж байлаа.
С.Баяр хотоос холгүйхэн Гоодойн аманд зусланд гарах үеэр гэр рүү нь илбийн юм шиг 3,7 км засмал зам тавигджээ. Хот төлөвлөлт, зам барилгын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд уг зам хойтон жил ч багтаж орохгүй байжээ. Гэтэл С.Баярын зуслангийн авсаархан хаус тэнд баригдсан даруйд өнөөх зам нь дагаад тийшээ зурайжээ. Урьд нь Гоодойн ам руу ордог зам ёстой тамын эд байсан гэдэг. Гэнэт сайхан шил толь шиг замтай болсон иргэд энэ зам яаж тавигдав, хөрөнгө мөнгө нь хаанаас гарав гээд хайтал Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайтай холбогдоод явчихсан гэдэг. Тэндээс эхний санхүүжилт болох нэг тэрбум гаруй төгрөг гарч Гоодойн ам руу явчихсан, цааш лавшруултал “Атрын аян”-ы санхүүжилттэй холбоотой байх гэсэн яриа гарч байлаа. Энэ тухайд 2011 онд УИХ-ын гишүүн З.Энхболдын нэхэл хатуутай асууж байсанчлан “Атрын III аян”-ы мөнгөөр Ерөнхий сайд С.Баярт Гоодойн аманд хаус барьж өгөөд, зөвхөн төв рүү холбосон замд л гэхэд 100 тэрбумыг зарцуулсан байх магадлал тун өндөр гэж одоо ч хүмүүс ярьдаг.
2009 онд 36 комбайныг нэг бүрийг нь 147 сая төгрөгөөр үнэлж шахсан, урдаас нэг бүрийг нь 89 сая төгрөгөөр оруулаад ирэх боломжтой гэж наймаачид халаглаж байлаа. Гэтэл 2010 оны улсын төсөвт нэмж 29 комбайн авах дөрвөн тэрбум төгрөгийг суулгуулсан гэх юм билээ. Энэ мэтээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хайр найргүй зарсан. Т.Бадамжунайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нэрээ сольж, бууриа ч сэлгэж, хуучин байрныхаа хаяанд есөн давхар шинэ байранд орсон билээ. Хамгийн дээд давхарт нь сайд нь, доор нь дэд сайд гэх мэтээр давхар эзэгнэн албан тушаалын зэрэг зиндаагаар сууж эхэлсэн. Энэ барилга улсын төсөв болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр боссон гэдэг. Тухайн үеийн салбарын сайд болох Т.Бадамжунайн 2009 онд гаргасан 116 дугаар тушаалаар үүнд нийт 7.4 тэрбум төгрөг гаргажээ. Хажууханд нь ажилчдынх нь орон сууц барьсныг мөн л Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр барьсан гэж байлаа. Ингэхэд Атрын гуравдугаар аянд зориулсан мөнгөөр даргад зориулан зам тавьж, яаманд зориулан байшин барьж болох уу.