Ял шийтгэлтэй гэдэг нь бүхий л оронд тухайн хүнд тээг саад болдог аж. 1976 онд Флорида мужийн Клиффорд Уильямс (Clifford Williams) болон Нэтен Мейерс (Nathan Meyers) нар нь Жексонвилл хотын иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс бүх насаараа хоригдох ял шийтгүүлжээ. Тэд нийтдээ 43 жил шоронд суугаад 2019 онд л гэм буруугүй болох нь тогтоогдож суллагдсан. Тус мужийн хуулиар гэм буруугүй нь нотлогдвол шоронд хоригдсон нэг жил тутамд нь 50 мянган долларын нөхөн төлбөр бодогддог. Гэхдээ өмнө нь ял шийтгүүлж явсан этгээдэд нөхөн төлбөр олгохгүй байх хуулийн заалттай гэнэ. Өнгөрсөн сарын дундуур Флорида мужийн нөхөн төлбөрийн асуудал эрхэлсэн дэд хороо хуралдаж Клиффорд Уильямс, Нэтен Мейерс нард нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцжээ. Дэд хорооны хурлаар Нэтен Мейерсд 4,2 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаад харин шоронд хилсээр суухаасаа өмнө хоёр ч удаа ял шийтгүүлж байсан Клиффорд Уильямсд татгалзсан хариу өгчээ. Мужийн ерөнхий прокурор Мелисса Нелтон хуулийн тодорхой заалтын улмаас нөхөн төлбөр олгох боломжгүйдээ уучлал гуйжээ. Өдгөө 77 настай Клиффорд Уильямс дэд хорооны шийдвэрийг эсэргүүцэж шүүхээр заргалдана хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ түүнд ялах боломж бараг үгүй гэнэ.