alim.mn | 2024.12.31
Ш.Адьшаа гишүүн 99 залуу гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэжээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “90 жил 99 гэр” төсөл санаачилж “Ховд аймгийн хөгжлийн төлөө” сан төрийн бус байгууллагын Ховд нутгаа гэсэн халуун дулаан сэтгэлтэй бизнесмэнүүдийн санхүүжилтээр Ховд аймгийн түүхт 90 жилийн ойн хүрээнд 99 залуу гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэв. Ийнхүү намрын дунд сарын шинийн 17-ний билэгт сайн өдөр 99 залуу гэр бүл Хүннү дээдсийн үеэс Монгол зон олонд өвлөгдсөн, хөх Монголын орд өргөө, өргөө цагаан гэрээ хүлээн авлаа.
Уг ёслол төгөлдөр сайн үйлсийн арга хэмжээнд Ховд аймгийн хөгжлийн төлөө санг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Нораванчин гэгээнтэн, УИХ-ын гишүүн О. Цогтгэрэл, Н.Ганибал, Б.Бейсэн, Ховд аймгийн засаг дарга Б. Дүгэржав, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Цэсэн болон аймаг сумдын удирдлага, хэвлэл мэдээллийн бусад төлөөлөл оролцов.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Гал голомтоо бадрааж буй шинэхэн хосууд ирээдүйгээ итгэл дүүрэн угтаасай, аймгийнхаа 90 жилийг ойтой давхцан шинэ гэр хүлээж авсандаа бэлэгшээн баярлаж яваасай , өөдлөн дэвжихийн өнгө билэгдэл болсон өргөө цагаан гэртээ өрх бүр аз жаргалтай, эрүүл энх амьдрахыг хүсэн ерөөе” хэмээн хэлэв. Мөн Нораванчин гэгээнтэн 99 залуу гэр бүлд сайн сайханыг ерөөж, барцадгүй байхын тухайд аврал одуулж даатгалаа.
Аймгийн засаг дарга Б.Дүгэржав “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан одоогоос 10 жилийн өмнө Ховд аймгийн 80 гэр залуу гэр бүлийг орох оронтой болгож байсан бол 90 жилийн ойгоор 99 залуу гэр бүлд өргөө цагаан гэр өгч байна. Залуу гэр бүлд тус дэм болж байгаа “90 жил 99 гэр” төслийг санаачлагч Ш.Адьшаа гишүүнд баярлалаа. Энэ сайхан гэр гардан авч буй 99 гэр бүлийн хойморт инээд хөөр цалгиж байхыг ерөөе” хэмээв.
Мэдээлэл өгөхөд, Ш.Адьшаа гишүүн “Ховд аймгийн хөгжлийн төлөө” сан төрийн бус байгууллагаа эх нутгаа хөгжүүлэх, нутгийнхаа зон олонг дэмжих алсын хараатай байгуулж байсан бөгөөд нутгаа гэсэн сэтгэлтэй хэдэн арван хүний зорилго хүслийг нэгтгэн, хүч боломжийг зангидаж чаджээ. Тус сан нь Ховдчуудын өмөг түшиг болж, аймаг орон нутаг, ард иргэд рүүгээ чиглэсэн олон ажил хийж ирсэн байдаг. Одоогоос яг 10 жилийн өмнө буюу Ховд аймгийн түүхт 80 жилийн ойгоор тус ТББ “80 жил 80 гэр” санаачлага өрнүүлж, шинэ залуу 80 гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэж, амьдралд нь гэрэл гэгээ нэмж байсан түүхтэй. Энэхүү санаачлагаа үргэлжлүүлэн аймгийнхаа 90 жилийн ойн хүрээнд “90 жил 99 гэр” төсөл санаачилсан нь ийнхүү амжилттай хэрэгжиж, өргөө цагаан гэр эзэддээ хүрлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ