alim.mn | 2024.12.22
Жилийн 3,6 тэрбум төгрөгийн цалинтай захирал банкныхаа буфетаас хачиртай талх хулгайлаад ажлаасаа халагджээ

Монгол төгрөгөөр 3,6 тэрбум буюу жилийн нэг сая фунтын цалинтай Парас Шах (Paras Shah) нь "Citigroup" банкны Европ, Ойрхи Дорнод, Африкт өндөр үнэтэй хувьцаа, үнэт цаас, бондын арилжаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байсан гэхийн учир нь саяхан түүнийг банкны Европ дахь төв болох Лондонгийн Кэнэри-Уорфэд байрладаг офисын ажилтнуудын буфетаас удаа дараа хачиртай талх хулгай хийсэн гэх итгэхэд бэрх шалтгаанаар ажлаас нь халжээ. Жилд нэг сая, сард 178 мянган фунтын цалин авдаг захирлын хачиртай талхны долоон удаагийн хулгай батлагдсан гэнэ. Хэдийгээр идэх юмны хулгай хийдэг ч Парас Шах нь салбартаа гайхагдсан залуу мэргэжилтнүүдийн нэг гэгддэг. 2010 онд Батскийн Их сургуулийг төгсөөд "HSBC" компанид долоон жил ажиллажээ. 2017 онд "Citigroup" банкинд ажилд ороод ердөө хоёрхон сарын дараа л үнэт цаас, хувьцаа, бондын арилжаа эрхэлсэн захирлаар томилогдож тухайн үедээ шуугиан тарьж байсан. Гэхдээ л бусдын юманд хуруугаа дүржээ. Английн банк-санхүүгийн систем нь хичнээн авьяас чадвартай байсан ч "урт хуруутай" л бол хэнийг ч гэсэн хөөгөөд явуулдаг уламжлалтай. Энэ удаад ч уламжлалаа дагаж санхүүгийн салбарын суутан болж магадгүй залууг халжээ. 2014 онд Лондонгийн "BlackRock" банкны гүйцэтгэх захирал Жонатан Барроузын "туулайчилсан" шуугиан дэгдэхэд шууд ажлаас нь чөлөөлсөн. Гүйцэтгэх захирал нь хэдэн жилийн турш хотын захын галт тэргэнд зальдан тасалбаргүй зорчиж иржээ. Энэ хэрэгтээ тэрээр ажлаасаа халагдаж мөн 43 мянган фунтын торгууль төлсөн. 2016 онд Лондонгийн бас нэгэн банкны том албан тушаалтан хамт ажилладаг нөхрийнхөө таван фунтын үнэтэй унадаг дугуйн хэрэгслийг хулгайлсан хэргээр хөөгдсөн. Өдгөө "Citigroup" банкинд Парас Шахын хачиртай талхны хулгайн хэргээр дотоод мөрдлөг явагдаж байгаа аж. Тэрээр хулгайн хэргийг өөрийх нь эсрэг зохион байгуулалттай ажиллагаа гэж эсэргүүцжээ.

 

https://www.dailymail.co.uk/news/article-7963415/Banker-31-earning-1-million-year-suspended-stealing-sandwiches-staff-canteen.html

"Citigroup" банкны Лондонгийн Кэнэри-Уорф дэх төв офисын буфет

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ