Монгол Улсын иргэн, Токио-2020 зуны олимпын наадмын мөнгөн медальт Саиед Моллайд Засгийн газрын тогтоолын дагуу 60 сая төгрөг болон хоёр өрөө байраар шагналаа.
Саиед Моллай: "Бүх монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдадаа дахин баяр хүргэе. Олимпын болон паралимпын медальтнуудад дэмжлэг үзүүлж байгаад маш их баяртай байна.
Мөн сүүлийн үед "Саиед Моллай Германд үлдэхээр шийджээ", "Саиед Моллай Германы иргэншил авах гэж байна" гэх мэт ташаа мэдээлэл их гарсан. Үүнд албан ёсоор хариулахад, үгүй. Учир нь би Монгол пасспорттай. Би монгол хүн. Энэ медаль бол монголчуудад зориулсан. Иймд худал мэдээлэлд битгий итгээрэй. Би дараагийн удаад Парист болох 2024 оны олимпод өндөр амжилттай оролцохыг хүсэж байна. Монголын Жүдо бөхийн холбоонд, Монгол үндэсний олимпын холбоонд талархаж буйгаа дахин илэрхийлж байна. Түүнчлэн намайг тусалж дэмжсэн, урмын үгс илгээж байсан бүх хүнд баярлалаа" гэлээ.