alim.mn | 2025.05.14
Э.Батшугарын хүсэл үү, аав ээжийн шунал уу?

Э.Батшугар нь 1987 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн. Бага нас болон сургуулийн амьдрал нь АНУ-ын Калифорни мужийн ахлах сургуульд өнгөрсөн. Э.Батшугар Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсжээ. Ажлын гараагаа АНУ-аас эхлэн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд 2008-2011 онд ажилласан. Монголдоо ирээд шууд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр 2012-2016 онд ажилласан. Түүнээс хойш бизнес эрхэлж яваа.

        Аав нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажилласан Монголын цорын ганц улстөрч Намбарын Энхбаяр. Ууган хүү нь Э.Батшугар. Э.Батшугарыг мэдэх хүмүүс сайн аав ээжийн буянаар багаасаа сайн боловсрол эзэмшсэн, хүмүүжилтэй, хүнийхээ хувьд их сайн залуу гэж магтдаг. Тэр тусмаа МАХН-д хамт явж, ойр байсан хүмүүсээс Э.Батшугарыг хувь хүнийх нь талаас өөлж муулах хүн байдаггүй. Э.Батшугарыг Монголын улс төр дэх хамгийн том “Хунтайж” гэж нэрлэдэг.  Э.Батшугар албан ёсоор гэр бүлгүй. Найман настай охинтой. Охиных нь ээж Белги, Португаль гаралтай язгууртантай 2020 онд ЮНЕСКО-гийн өвд багтсан шилтгээнд нижгэр хуримласан. Монголоос чуулгын бүжигчид дуучид очиж, “Жалам хар” бүжиг, уртын дууны аялгуу нь тэр 800 жилийн түүхт шилтгээнд сонирхолтой уур амьсгал бүрдүүлсэн гэж очсон найзууд нь бичсэн байдаг.

Э.Батшугарын охины ээж Т.Даримаг төрөөд сар болоогүй байхад Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж, Т.Даримагийн гэрт нэгжлэг хийсэн байдаг. Т.Дарима “Гутал” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч, хөрөнгөтэй айлын охин. Аав ээжийн буянаар мөн л багаасаа Америкт сурч, боловсрол эзэмшсэн. Т.Дарима АНУ-д дээд сургууль төгссөнийхөө дараа Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд ажилд орсон анхны монгол хүнээр тодрон карьерээ хөөж явсан. Харин Э.Батшугартай учирч, охинтой болсноор Монголдоо ирсэн. Гэсэн ч Н.Энхбаярынх ууган хүүдээ ёс төртэй бэр гуйж, хурим найр хийгээгүй.

 Э.Батшугар найр наадамд ч өмсөөгүй Монгол дээлийг аавтайгаа хамт албан тушаал хөөцөлдөх үедээ хослон өмсчихсөн явсан. "Хунтайж" Э.Батшугар аавын нөмөр нөөлөг, сүр хүчийг хангалттай амсаж эдэлж яваа. Тиймдээ ч СХД-ийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байна. МАН-д ороод шууд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч боллоо. Ардын хүүд ийм боломж тохиохгүй. Мөн 2 тэрбумын зээлтэй... Э.Батшугарын насан дээр ийм зээл авах залуу ховор. Хувь тавилан Э.Батшугарыг хангалттай харж үзэж, ивээж яваа. Гэвч байнга албан тушаалд шунаж, 30 гарчихаад аавынхаа хойрмойноос зүүгдэн албан тушаал хайж яваа нь Э.Батшугарын өөрийнх нь хүсэл үү, аав ээжийнх нь албан тушаалын амбиц, шуналын илрэл үү...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ