Сонгууль дөхөхийн хэрээр ээлжлэн эрх барьдаг хоёр том нам идсэн, ууснаа ээлжлэн дэлгэж, хоёр том хулгайч хэн нь арай бага хулгайч болохоо нотлох уралдаан өрнөж байна. Энэ нь чуулганы танхимд болсон С.Эрдэнэ, С.Бямбацогт хоёрын хэрүүлээс харж болно. МАН-ынхан дотроо эвдрэлцэж, Ерөнхий сайд нь танхимынхаа нэг сайдтай зөвшилцөн ЖДҮХС-гийн талаар анх дэлгэж, шударга дүртэй дуулгаваргүй гишүүдээ дарах гэсэн биш ЖДҮ-ийн зээлийг ч цөлмөдөг гишүүдээс жигшиж, бөөнөөрөө нэр хүнд нь унасан. Завь цоорвол бүгд л живэхээс ганц нэг шударга нь амьд үлдэнэ гэж байхгүй. Ардчилсан намынхан ч бөөн баяр. Хариуд нь МАН-ынхан аудит оруулаад, дарчихсан байсан АСЕМ-ийн санхүүгийн тайланг тарааж, АН-ынхны идсэн уусныг дэлгэсэн удаатай.
АСЕМ-д зориулж Гадаад харилцааны яаманд 20 хол гарсан тэрбум төгрөг төсвөөс гаргаж өгсөн. Гэтэл АН-ын лидерүүд АСЕМ-ын үеэр мөнгөөр туйлж, гулгиж байжээ. Тухайлбал АСЕМ-ын зочдын хамгаалалтанд үйлчлэх, 52 ширхэг Приус 30 машин нийлүүлжээ. Гэтэл тэдгээр приусыг тус бүрийг нь 32152 ам доллар буюу тухайн үеийн ханшаар нэг Приусыг 67 саяар нийлүүлжээ. Одоогийн ханшаар бол 100 сая дөхнө. Үүнийг тухайн үед Ерөнхий прокурор хүртэл алба хашиж явсан АН-ын нэг лидер нийлүүлсэн гэдэг.
Тэрчлэн АСЕМ-ийн зочдод 1 хүнд 1 литр нэг 100 грамм архи, 10 литр ундаа, 6 литр ус, бүр тус бүрд нь 25.1 литр шар айраг байхаар тооцож зарлага гаргасан байх юм. АСЕМ-ын дээд хэмжээний зочид байтугай адгийн архичин ч ингэж ихээр уухгүй. Гэтэл хамгийн гомдмоор нь АСЕМ-ын үеэр хамгаалалтанд ажилласан хэдэн бор цагдаадаа өдрийн хоолонд нь 5000 төгрөг өгч, нөгөө хэд нь ажлынхаа зав чөлөөгөөр хуушуур пирожки олж иджээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг уриатай Ардчилсан намынхан Монгол төрийн сүлд чимэг болсон, дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалсан “торгон цэрэг”-үүд болох цагдаагаа ингэж л хооллосон байгаа юм. АН, МАН ялгаагүй ард иргэдээ бодох биш, албан тушаалаа ашиглан уралдан идэх болсон нь нэгэнт тодорхой болжээ.