Өмнөговь аймагт ИТХ-ын дарга Б.Бадраа гэдэг төсвийн мөнгөн дээр туйлсан нөхөр бий. Оны эхээр “LEXUS LX570-тай дүйцэхүйц” машин авахаар 257 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлан шуугиан тарьж байсан. Тэгвэл өнгөрсөн 8-р сард хурдан буутай, хүчтэй машинтай баячуудын зугаа гэгдэх холын зайн буудлагын тэмцээнийг төсвийн найман сая төгрөгөөр явуулжээ. Мөн энэ тэмцээнийг аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит гэж зарлажээ. Холын зайн буудлага нь буудлага спортын нэг төрөл юм. Гэхдээ энэ тэмцээнд голдуу өндөр үнэтэй, холын тусгалтай, хүчтэй ангийн болон спортын буутай хүмүүс оролцдог. Жирийн иргэдэд 200-300 метрийн зайд буй байг онож буудах цэц сайтай үнэтэй буу байхгүй. Ийм буу доод тал нь 1000-1300 долларын үнэтэй зарагддаг. Тэгвэл ийм нэгэн тодорхой хүрээнийхэнд зориулагдсан тэмцээнд ИТХ-ын дарга Б.Бадраа төсвийн найман сая төгрөгийг зүгээр л өгчээ. Үндэсний бөх биш юм гэхэд сур, шагайн харваа болон аймагтаа амжилттай хөгжиж байгаа спортын бусад төрлийг ИТХ-ын даргын нэрэмжит болгон дээрхи хөрөнгийг зарцуулж болох байсан ч холын зайн буудлагыг сонгосон байна.