Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн цагаас хойш хамгийн хүнд жинд буюу 125кг-д хамгийн анхны медалийг М.Лхагвагэрэл эх орондоо авчирлаа.
Тэрбээр “ТОКИО-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.
Өчигдөр тэрбээр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 5:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.
Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байжээ. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвеги улсын Осло хотод болж байна.