
Шахмал түлшний ачаар энэ өвөл утаагүй өвөлжих нөхцөл бүрдлээ. Энэ шахмал түлш хийх санааг ноднин анх гаргасан юм биш. Анх 2010 онд шахмал түлшний үйлдвэр байгуулахаар тендер шалгаруулж, хоёр компани шалгарсан. 17 тэрбум төгрөг зарж, 2013 онд шахмал түлшний үйлдвэр барина гэсэн. Ингээд хоёр компани тендерт шалгарсны нэг нь “Аморе интернэшл”. Харамсалтай нь 14 тэрбум гаргуулж аваад шахмал түлшний үйлдвэр барьсангүй, 14 тэрбум өгсөн ч эргээд Аморе интернэшл компанитай хариуцлага тооцсонгүй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан 2012 онд сонинд ярилцлага өгөхдөө “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ТЭЦ-II-ыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар болсон. Гэтэл тендерт шалгарсан компани хариуцлага алдаж юу ч хийгээгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил нурлаа. Тендерт шалгаруулсан компани, шалгаруулсан хүмүүсийг хуулийнхан шалгах ёстой” гэж байлаа.
Тендерт шалгарсан“Аморе интернэшнл” компанийн зүгээс “Бид жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай цогцолбор байгуулна. Энэ байдлаараа гэхэд 2011 оны сүүлээр түлшээ нөөцлөөд эхэлнэ” гэж ам өчгөө өгчээ.
Төрийн 14 тэрбум төгрөгийг залгисан утаагүй түлшний үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Одоогоос 10 жилийн өмнө тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас утаа бага ялгаруулах хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах сонгон шалгаруулалт зарласан. Энэ тендерт “Аморе интернэйшнл” болон ОХУ-ын “Сибтермо” компанийн түншлэл өрсөлдөгчгүйгээр шахам шалгарч, 2010 оны долдугаар сарын 9-нд гэрээ байгуулжээ. Гэвч энэ тендерт шалгарсан “Аморе интернэйшнл” ХХК ЭБЭХЯ-наас 2010 онд тав, 2011 онд есөн тэрбум нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэхэд зориулан хүлээн авсан боловч гэрээт хугацаандаа ажлаа дуусгаж чадаагүй. Түүгээр зогсохгүй 3.04 тэрбум төгрөгийг компанийн бус, хувийн дансанд шилжүүлэн авсан нь ч аудитын шалгалтаар тогтоогдсон. Мөн төслийн санхүүжилтээс иргэн З.Туул, Т.Ганболд нарт бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулалгүйгээр дансаар болон бэлнээр багагүй хэмжээний мөнгө олгосон нь тодорхой болсон гэнэ. Төслийн хүрээнд “ДЦС-2” ТӨХК-ийн хоёр зуухыг шинэчлэхээс тавдугаар зуухыг энерги технологийн төхөөрөмж болгох ажил хийсэн боловч коксжсон утаагүй түлш үйлдвэрлэх төслийн үр дүн гараагүй зогсжээ.
Улмаар энэ асуудалд “Аморе интернэйшнл” компанийн захирал П.Баатарсүрэнд 2013 онд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл дэх эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, 174 дүгээр зүйлд заасан батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, 273 дугаар зүйлийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн жил гаруйн хугацаанд шалгажээ.
Мөрдөн байцаалтын шатанд "Аморе интернэйшнл" компанийнхан төсөл хэрэгжүүлэх хугацаанд дөрвөн удаагийн ажлын гүйцэтгэлээр Улсын төсвөөс буюу ЭБЭХЯ-наас 14 тэрбум 58 сая долоон зуун мянган төгрөгийн санхүүжилт авсныг тогтоосон байна. Гэвч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, батлагдаагүй зураг төсвөөр 14 тэрбум төгрөгийг үр ашиггүй шахам байгууламж болгосон, ингэх явцдаа хувийн дансанд гурван тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг аудитын байгууллага тогтоочихоод байхад прокурорын байгууллага хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.