
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих” шинэ зарлигийг танилцуулсан билээ. Тэрбээр уг арга хэмжээний нээлтэд:
“Би аль нэг намаас сонгогдсон төрийн тэргүүн биш. Монголын ард түмэн намайг сонгосон. Миний ажил шинэ нисэхийн хажууд байгуулагдсан мод тарих хөдөлгөөнөөс эхэлж байна. Монголчуудын эхлүүлсэн энэ үйлийг бүгд дэмжихийг хүсэж байна. Ногоон Монгол болгож, эх орноо аварч, үр хүүхдээ аврахын төлөө хичээе. 8 наснаас 80 насныхан байгаль хамгаалагч болж төлөвшинө. Байгаль дэлхий хамгаалсан хүмүүст Алтангадас одон өгдөг болгоно. Шинэ шагналын нэршил ч гаргана гэж бодож байгаа. Мөн халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Иргэд халамж аваад байлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хүүхдүүд, хөгшид нарлах газартай болно. Мод тарих нь хүүхэд өсгөхтэй ижил хариуцлагатай ажил. Тиймээс модыг зөвхөн тариад орхихгүй” гэв.