alim.mn | 2024.12.22
Франц Улсын Засгийн газраас ОБЕГ-т 14.9 сая еврогийн үнэтэй 42 автомашин нийлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагад гал унтраах зориулалтын авто машин нийлүүлэх арга хэмжээний нээлт төв талбай дээр болж өнгөрлөө.

Нээлтийн үеэр Шадар сайд М.Амарсайхан: Франц улсын Засгийн газар, Бүрэн эрхт элчин сайд Себастиан Сүрүнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх гэрээний дагуу дөрвөн төрлийн 42 автомашиныг энэ онд нийлүүлэхээр болсон. Эхний ээлжийн 21 автомашиныг өнөөдөр хүлээн авч байна. Эдгээр машинууд нь  манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан хийгдсэн бөгөөд -40 градусаас +40градус цельсийн хэмд ажиллах боломжтой. Машин, техник тоног төхөөрөмжүүдийг орон нутаг, дүүргүүдэд тараана. Мөн эдгээр машинуудаас гадна дөрвөн ширхэг нисдэг тэрэг худалдаж авч байгаа.Нисгэгч бэлдэх, техник тоног төхөөрөмж угсрах ажлууд ерөнхийдөө дууссан. Энэ сарын дундаас эхлээд агаарын аврах ажиллагаа эхэлнэ. Хэмээн ярьлаа.

Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн онцгой байдлын алба хаагчдад амжилт хүсэж “ Хоёр улсын эв найрамдалтай харилцааны нэг жишээ  нь энэ ажил гэж харж байна.  Цаашид ч гэсэн Франц улс туршлага, мэдлэгээсээ хуваалцахад бэлэн байна. Мөн Монгол улсын засгийн газартай хамтран өөр олон ажлууд хийгдэх болно. Манай улсад үйлдвэрлэсэн эдгээр машинууд Улаанбаатарын иргэдийг эрүүл, тайван амьдруулахад тусалж байгааг харах сайхан байна. Онцгой байдлын алба хаагчдад амжилт хүсэе” хэмээн ярьсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ