alim.mn | 2025.01.04
Ерөнхий менежер Т.Гантөмөр ногоон байгууламжийн судалгаанд 28 сая, сурталчилгаанд нь 38 сая төгрөг зарцуулжээ

МАН удаа дараалан нийгэм эдийн засгийн хүндрэл, гацаа үүсгэсэн хариуцлагагүйгээсээ илүүтэйгээр мэдлэг чадвар, мэдрэмж муутай сайд нартаа арга хэмжээ авах гэнэ. Тэгвэл хотод энэ мэт цэвэрлэгээнд өртөх дарга нар цөөнгүй бий. Тэдний нэг нь Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежер Т.Гантөмөр юм. Тэрээр бүтэлгүй сайд нараас багагүй шүүүмжлүүлсэн. Шилэн Цогоо мэтийн “журмын нөхөд” нь бүр огцруулахыг шаардсан. Тэнгэрт аадрын хур бүрэлдэж байгаа хотын менежер ухаарсан бололтой. Бас нэгэн “журмын нөхөр” нь болох намдаа эргэн тоогдохоор гүйж яваа С.Мөнхчулуун хотын ерөнхий менежерийг амралтын өдрүүдээр ч амардаггүй, мод эргэдэг тухай жиргэсэн нь олигтой явсангүй. Ингээд өөр “арга” сэджээ. Ерөнхий менежертэн саяхан хотын ногоон байгууламжийн хөрсний бүтэц, үржил шимд судалгаа хийх зөвлөх ажиллагааны зардалд 28 сая төгрөг зарцуулахаар тушаал гаргасан байна. Харин уг ажлын төсвийн задаргаанд хэвлэл, мэдээлэл сурталчилгааны ажилд нь 38 сая төгрөг тавьжээ.  Уг мөнгөөр хотын захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийн хөрсний судалгаа хийж буй тухай дөрвөн шторк нэг контент бэлдэхээр заажээ. Мөн сурталчилгааны хуудастай гурван ч портер хотоор нааш цааш явах бололтой. Ийнхүү Т.Гантөмөр хийх ажилдаа бус харин хийсэн ажлаа сурталчилахад их хөрөнгө зарцуулахаар шийджээ. Удахгүй хотын даргыг бүр цаашлаад Ерөнхий сайдын пи-арыг ч давсан асар том сурталчилгааны давалгаа эхлэж магадгүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ