Монгол Улс найман төрлийн ан амьтныг агнах зөвшөөрөл олгодог. Угалз, тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг амьтанд болон тул загасанд тусгай зөвшөөрөл олгодог. Харин Тул загасыг тусгай сонирхлын жуулчдад агнах биш, барих зориулалтаар зөвшөөрөл олгодог байна.
Өнгөрсөн 2020 онд коронавирустай холбоотойгоор ховор ан амьтныг агнуулаагүй. Энэ жил Засгийн газраас тогтоосон тоогоор угалз 100, тэх 120, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250 хүртэл тоогоор агнах зөвшөөрлийг олгожээ. Мөн тул загас 540 хүртэл тоогоор барьж, буцаан тавих зөвшөөрөл олгосон байна. Харин зэрлэг гахай агнах зөвшөөрөл энэ жил олгоогүй аж.
Амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай Амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Шинэчлэгдэн батлагдсан хуулиар агнуурын бүсийг тогтоож өгчээ. Нийт 19 аймагт 171 агнуурын бүс байна.
Хово ан амьтныг олноор агнах зөвшөөрөл өгсөн гэх шүүмжлэлийн хариуд БОАЖ-ын сайд Н.Уртнасан “2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ховор ан амьтныг агнах ажиллагаа явагдаагүй. 2019 онд угалз 86, тэх 95, халиун буга 40 тоо толгойг агнах тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 2021 онд угалз 100, тэх 120, халиун буга 60 гэсэн тоо толгойгоор зөвшөөрөл өгсөн. 2020 онд энэ агнуур хийгдээгүйгээс үүдээд өмнөх хүсэлтүүд байсан. Хоёр онд хуваагаад үзэхээр 2019 оныхоос ч бага хэмжээтэй зөвшөөрөл олгосон” гэжээ.
Агнуурын амьтдын үнэлгээг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Монголбанкны тухайн жилийн валютын ханшаар тооцдог. Жишээ нь, угалз 24.000, говийн алтайн тэх 13.000-14.000ам.доллар байна.
Ан агнуураас 2018-2019 онд 7.5 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. 2018 оны үнийн дүнгээс 2019 онд 1.8 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн байна.