УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид 10 тэрбум ам.долларын эдийн засаг дээр сүүлийн 10 жил гацчихаад байна. Эдийн засгийг тэлэх гуравхан арга байдаг. Нэгдүгээрт, экспорт нэмэгдүүлэх, хоёрдугаарт, гадаадын зээл тусламж авах, гуравдугаар, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Ингэж байж доллар оруулж ирнэ.
Ингэхгүйгээр зах зээлд мөнгө нийлүүлэх юм бол инфляц болно. Экспорт нэмэх гэхээр бид далайд гарцгүй, ганцхан худалдан авагчтай, хоёр хөрштэй. Ганц худалдан авагч нь хориг тавьчихаар бид нүүрсээ ч борлуулж чадахгүй байна.
Гадны тусламж дэмжлэг авъя гэхээр бид 2013 онд бага буурай орны ангилалаас дунд хөгжилтэй орон руу шилжээд тусламж хүлээн авдаг орон байхаа больчихсон. Зээл авъя гэхээр өрийн хязгаар тулчихсан учир ямар ч боломжгүй.
Хамгийн сүүлийн боломж гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт авахын давуу тал нь өр үүсгэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй.
Жижиг эдийн засагтай, үндэсний аюулгүй байдал гэж том ярьдаг улстөрчидтэй манай улсын хувьд энэ бол гарц шүү.
Дэлхий хүйтэн дайнаас холдсон шүү дээ. Юун визний асуудал, юун цагаачид орж ирэх, юу яриад байгаа юм бэ. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй. Хятадууд ороод ирнэ гэж хачин юм ярьдагаа больцгоо. Ийм зүйл парламент дээр ярих юм бол энэ улс чинь хөгжихгүй шүү дээ. Үргэлж ийм популизм ярих юм бол энэ улсад залуучууд тогтохгүй.