
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас МАН-ын нүүр царай болж явсан гишүүд зээл авч, Ардчилсан намынхан энэ тухай идэвхтэй тарааж байна. Энэ нь хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг явдал байна. АН-ын гишүүдийн төсөл, хөтөлбөрөөс эрх мэдлээ ашиглан авсан мөнгө эхнээсээ ил гарсаар байна.
Үе үеийн УИХ-ын гишүүд дан ганц жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан биш, Засгийн газрын бусад хөтөлбөр болон бондын мөнгөнөөс зээл авсаар иржээ. Хөгжлийн банкны асуудлаар Э.Бат-Үүл, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, М.Сономпил тэргүүтэй нөхөд нэр холбогдсон ч таг чиг боллоо. Монгол Улсын засгийн газар 2012 оноос 2015 он хүртэл Чингис, Самурай, Дим Сам, Хөгжлийн банкны бондуудыг гаргаж 2500 сая орчим ам.доллартай тэнцэх санхүүжилтийг авсан. Энэ нь одоогийн ханшаар 6 их наяд 150 орчим тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Эдгээр мөнгийг юунд зарсныг шалгах ёстой.
Тэрчлэн иргэдийн хамгийн сайн мэдэх Чингис бондоос санхүүжүүлсэн 888 төслийг шалгавал ихээхэн асуудал гарна. Тухайн үед Майцэцэг гэдэг бүсгүй 750 сая төгрөг авчихаад татвар төлөөгүй гэж хэсэг шуугиулсан. Мөн “888 төсөл”-д шалгарсан 2,5 тэрбумын төсөл зарна гэсэн зар сонинд гарсан нь тун сонирхолтой. Тэр нь хатуу чихрийн төсөл байсан. Төсөл зарна гэсэн зар тавьсан хүнтэй утсаар холбогдоход “Энэ хатуу чихэр үйлдвэрлэх төсөл байгаа юм. Гэхдээ дөрвөн тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөтэй хүн л авах боломжтой. Уг нь санхүүжилт нь ороод ирчихсэн. Банк барьцаа хөрөнгө шаардаад байгаа учир зарахаар болсон юмаа” гэж тайлбарлаж байсан билээ. Хатуу чихэрт 2,5 арай хатуудах биш үү гэж гэж яригдаж байв. 888 төсөлд шалгарсны нэгээхэн хэсэг энэ. 1.5 тэрбумын "маруужин"-гийн цех гээд хүн итгэхийн аргагүй төсөл шалгарч байсан. Мөн 2017 онд Монгол улсын загасны хэрэглээг бүрэн хангах хилэм загасны төсөл гээд 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс санхүүжсэн. Гэтэл Герман улсаас оруулж ирсэн 20000 жараахайг гаалийн татвараас чөлөөлсөн тухай албан бичиг байхгүй гэх шалтгаанаар Гаалийн байцаагчид гурван цаг саатуулсан. Ингээд цаг алдсаны улмаас жараахайнууд бүгд үхсэн байсан гэж төсөл хэрэгжүүлэгчид ярьж байсан билээ. Харин одоо энэ төсөл хаана байна, монголчууд өнөөдөр өндөр үнэтэй махыг дангаар хэрэглэх бус загас идээд сууж байх төсөөлөл одоо хэр нь алга.
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Моносфармтрейд ХХК-ийнхаа нэр дээр бондын мөнгөнөөс 5.5 тэрбум, Моносконстракшн ХХК-ийнхаа нэр дээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 1.3 тэрбум, нийтдээ 6.8 тэрбум төгрөг авчээ. Ийм мөнгө авсан хүн 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө өөрийнхөө халамцуухан бичлэгээ “Насан туршийн зээл” нэрээр 50 сая төгрөгөөр худалдан авсан нь аргагүй л юм.