Дуучин Адель 18-25 насандаа 100 дөхсөн килограмм жинтэй мяраалаг охин байсан. Одоо нас нь 30 гарч, биеийн жингээ эрс хасаж, Холливудын сайхан хүүхний нэг боллоо. Тэрбээр хэдэн жилийн өмнө Английн Лондон хотоос нүүж, АНУ-ын Лос-Анжелес хотноо суурьшсан. Саяхан Адель Их Британийн “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж ярилцлага өгчээ. Адель ярилцлагадаа Лондонгоос нүүх болсон хамгийн том шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн үнээс болсон гэдгээ тайлбарлажээ. Адель хэлэхдээ Лондон хотод өнгөрүүлсэн цаг хугацааны ихэнх нь автомашинд эсвэл байранд өнгөрсөн ба хүүгээ тэнгэр харж болохоор газарт амьдруулахыг хүссэн гэсэн байна. Аделийн хүү Анжело нь өдгөө есөн настай.
Түүнчлэн Лос-Анжелест худалдан авсан үл хөдлөх нь түүний хувьд Лондонд хэзээ ч авч чадахааргүй зүйл гэжээ. Адель өдгөө Лос-Анжелес хотноо залгаа байршилтай гурван харшийг эзэмшдэг. Бүгд нийлээд 30 сая ам.долларын өртөгтэй. Лос-Анжелест анхны үл хөдлөхөө 9.5 сая ам.доллараар худалдан авсан ба зэргэлдээх сууцуудыг нь тус бүр 10 орчим сая ам.доллараар авчээ. Гурван харшийнх нь нэгэнд нь экс нөхөр Конеки нь 2019 онд салснаасаа хойш амьдарч байгаа гэнэ. Адель турсан шалтгаанаа "Хооллолт, дасгал хөдөлгөөн гэж тайлбарлаад, өмнө нь 12 аяга цайг тус бүр 2 ёотон хийж уудаг байсан. Тэрийгээ бүр больсон" гэжээ.