alim.mn | 2025.01.04
Экс прокурор Ш.Нямдоржийг дуучин “A-COOL”-тэй хамт байхад жолооч нь 15 сая төгрөг аваачиж өгчээ

Хоёр жилийн өмнө буюу 2019 оны хавар тухайн үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай өртөж ажлаа өгсөн. Намар нь Нийслэлийн прокурорын газарт прокурор байсан Ш.Нямдоржийг оронд нь томилсон. 2021 оны 3-р сард Улсын ерөнхий прокурорын тушаалаар Ш.Нямдоржийг албан тушаал бууруулж  Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор томилсон. Ингэж хагас жил орчим явсны дараа буюу 2021 оны 8-р сарын 2-нд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэрт нь, жолоочийх нь орон байранд үзлэг нэгжлэг хийсэн. Улмаар Ш.Нямдоржийг баривчлах зөвшөөрлийг прокурор өгснөөр АТГ-ынхан цагдан хорьсон. Тэгвэл экс прокурорыг үндэслэлгүй хөрөнгөжих буюу 199 сая төгрөгийн орлогоо тайлбарлаж чадаагүй гэмт хэрэгт буруутгасан. Хэргийн гол гэрчийн нэг нь жолооч Э.Сүхбаатар байсан. Мөрдөн байцаалтаар доорхи нөхцөл байдал илэрсэн байна. 2020 оны 7-р  сарын сүүлээр дарга нь жолоочдоо утасны дугаар өгч “энэ хүнтэй яриад 50 сая төгрөг авч үүнээс 45 саяыг нь Нийслэлийн прокурорын газрын нягтлан бодогч Саранцэцэгт өгөөд үлдэгдэл тавыг нь аваад ир” гэжээ. Жолооч хэлсэнийх нь дагуу яриад Блюй Скай дээр уулзан  маск зүүсэн эрэгтэй хүнээс тортой мөнгийг авсан. Тухайн үед харанхуй байсан болохоор царайг нь харж чадаагүй гэнэ. Ингээд уг мөнгөнөөс 45 саяыг нь нягтландаа өгчээ. Үлдэгдэл таван саяыг нь даргынхаа гэрт аваачиж өгсөн байна. 8-р сарын сүүлчээр ахин ийм ажилд явж мөн л маск зүүсэн эрэгтэй хүнээс мөнгө авч даргынхаа хадмын гэрт оруулж өгсөн байна. Удалгүй жолооч ажлаасаа гарчээ. Гэхдээ даргадаа “зүтгэсээр” байсан. 2021 оны 5-р сард дүүгээс нь бэлнээр дөрвөн мянган доллар, 40 сая төгрөг авчээ. 6-р сард нь дарга залгаж “нөгөө мөнгөнөөсөө 15 саяыг аваад ир” гэхэд нь бэлнээр авч Зайсангийн “Миний зах”-ын хажуугийн шорлогын газарт очжээ. Тэнд дарга нь дуучин “A-COOL”-тэй хамт байсан гэнэ. Дараа нь дарга ахин үүрэг өгч “манай гэрт очоод манай охиноос мөнгө аваад доллароор солиулаад буцаагаад аваачаад өг” гэжээ. Экс жолооч охиноос нь 50 сая төгрөг авч “Найман шарга” зах дээр очиж тухайн үеийн ханшаар 100 долларын дэвсгэртээр солиулаад үлдэгдэл бутархай төгрөгийг буцааж өгсөн байна.  Жолоочийн гэрт нэгжлэг хийхэд сейфнээс нь 10 сая төгрөг, дөрвөн мянган доллар бэлнээр гарчээ. Төрийн байгууллагийн тухайд бүх мөнгөн гүйлгээ төрийн сангаар явагдах учиртай. Гэсэн ч Ш.Нямдорж оройн цагаар нягтландаа жолоочоороо дамжуулан 45 сая төгрөг өгчээ. Нягтлан мөнгийг маргааш нь ажил дээр авчирсан байна. Удирдлагын хурлын шийдвэрээр мөнгийг прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд зарцуулжээ. Өнгөрсөн дөрвөн жил шүүхээс ял шийтгэл хүлээсэн улс төрийн хилс хэргүүдэд хяналт тавьж ажилласан гол хүн бол Ш.Нямдорж. Хонгилын өмгөөлөгч гэгдэх болсон Б.Баасанцогтоос хувийн дансаараа дамжуулж 2019 оны 6-8 сарын хооронд хоёр удаагийн шилжүүлгээр нийт 610 мянган төгрөгийг авсан гэх баримт хэвлэлээр дэлгэгдэж байлаа. Тэрбээр албан тушаалаа өгөхөөс өмнөхөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан НПГ-ын хяналтын прокурор Д.Пүрэвдавгын тогтоолыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд экс прокурор 199 сая төгрөгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй гэдгээ хүлээсэн. Түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж 13,5 сая төгрөгөөр торгожээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ