"Би чамд хайртай" киноны Үрлээгийн дүрээрээ олны танил болсон жүжигчин С.Пүрэвмаа олны нүднээс хол нам гүмхэн амьдардаг. Таван хүүхдийн ээж С.Пүрэвмаа зөв хооллолт, зөв хувцаслалт, эрүүл мэнд болон өөрсдийн амьдарч буй хандлагадаа өөрчлөлт оруулах талаар ажилладаг. Жүжигчин, бясалгагч С.Пүрэвмаа зөв амьдралын хэв маягийг олон жил судалж, өөрөө амьдралдаа хэрэгжүүлсэн цагаан хоолтон. Тэр тусмаа өвөрмөц эко веган хандлагыг эрхэмлэдэг. 1985 онд "Би чамд хайртай" кино гарснаас хойш залуусын захидалд дарагдсан Үрлээ Жаргалсайхан гэдэг цэргийн офицер залууг ханиараа сонгосон. Одоо тэд таван хүүхэдтэй. Түүнээс дөрөв нь охид. Том охин Ануг сайн дизайнер, зураач уран бүтээлч гэдгээр нь залуус танина. Удаах охид Сувдаа, Нара нь Тайвань, Солонгост сурч, эмч болохоор суралцаж байгаа. Тэд ээжийгээ даган веган амьдралыг эрхэмлэдэг.