Оцукаре сама дэсү Хакухо ёкозуна
...Бид хоёр нэг нэгнийгээ үнэхээр их хурцалж байлаа. Нөгөө хэдэн бүдүүн ах нартайгаа барилдаад л байсан бол энэ их хор шар, дийлдэхгүй гэсэн улайрал, махруу хүч гарахгүй байсан юм. Миний хүчийг зуун хувь гаргаж өгсөн. Цолтой бөхчүүд эрх чөлөөтэй, дуртай газраа явж байхыг харчихаад, хоёулаа хурдан дээшээ гарч, цолтой болчихоод гоё газар бие биенээ дагуулж, амттай сайхан хоол идэж явна даа гэж ярьдаг байлаа. –Чи эхлээд гарчих. –Үгүй ээ. Чи эхлээд гарчих гээд л хоёр биеэ нудраад их ярьдаг байсан юм. Сэтгэл дотроо бол би заавал түрүүлж гарна даа гэсэн бодол тээгээд байдаг. Даваа аливаа юманд их няхуур, хүлээцтэй хандаж, тунгаан боддог. Бид хоёр хааяа шатар тоглоно. Би ч аль ойр идчихмээр байгаа нүдэнд өртсөнийгөө л түлхэнэ. Даваа бол их бодно оо. Би хурдлаач гэж шавдуулж, тэвчээргүй болохоор нүүх болоогүй юу гээд л хүлээж байх хооронд утсаа харна. Даваа хараад л байна. Хэвтэнэ, сууна. Тэгж байж, байж ганц нүүдэл хийгээд л намайг хожчихно. Хакухог 2006 оны 5-р сарын башёод анх удаа түрүүлэхэд хажууд нь туг барьж явснаа санаж байна. Өөрөө 50 хувиа ч хийж чадаагүй, гундуухан байхад анд минь тугаа өгсөн юм. Сумогийн ордноос гараад машин дээр суухад цугласан хүмүүсийн алга таших, баяр хүргэх, аппарат, камерын гэрэл гялсхийх нь нисч байгаа мэт, амьсгаа ч авч чадахгүй, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байлаа. Өөрөө түрүүлсэн юм шиг болж билээ. Андынхаа туг нь болж, эрвэлзэн дэрвэлзэж хамт байя гэсэн сэтгэл оргилж байсан юм. Анд нөхөртэй байхын жаргалыг хамгийн их мэдсэн, мэдэрсэн, золтой хүн юм аа, би. Андтайгаа өрсөлдөж, муудаж, зодолдож бас урам зориг, эрч хүч авч, андаараа бахархаж, түших багана нь, хамтрагч нь, шүүмжлэгч нь байж үзсэн. Даваа маш их хүлээцтэй, амгалан, тулхтай. Уучлахааргүй юмыг ч уучилж өршөөдөг. Би харин тэвчээр муутай, дургүйгээ хүрвэл хаяад гардаг. Хүнтэй муудвал уурлаад цохих гэдэг. Хоолны газар хүнтэй муудаад ширээгээ авч шидэх гэсэн яг тэр мөчид Даваа миний өөдөөс бултахын аргагүй нэг сайн харж байгаа юм даа. Надад түүнээс сурсан зүйл маш их. Одоо бид харцаараа нэгнээ ойлгодог болж. Хааяа бас зөрөлдөнө. Хэсэг маргаад, өөрийнхөөрөө зүтгээд байсан ч ихэнхдээ Даваагийн зөв байна. Миний зөв байх үед тэр дуугаа хураачихна. Их зөрүүд. Бурууг нь хэлвэл инээгээд өнгөрнө. Мэдэж байнаа л гэсэн үг. Өдөр бүхэн нэгэн хэвийн, нэг давтамжтай амьдралаас ер төвөгшөөхгүй, аварга. Байнгын дасгал сургуулилтыг амьдралаа болгож чадсан. Гадаад руу амрахаар явахдаа ч буудлын өрөөнд ч, хээр майханд ч хөлсөө гартал дасгалаа хийж л байна. Ямар ч үед үл таслана. Өөртөө маш өндөр шаардлага тавьдаг. Сэтгэлийн их тэнхээтэй. Зорьсондоо заавал хүрдэг. Туйлбартай, үнэнч. Энэ бол аварга хүний л мөн чанар юм хэмээн бахархан өгүүлж суусан юм. Тэрбээр үүрийн таван жингээр босч, өглөө бүрийн үндсэн дасгал болох кейког ягштал хийдэг уйгагүй их хичээл зүтгэл, чөлөөтэй байлгаж, өөрөөр нь бодуулдаг багшийн их хайр, итгэл нь өнөөдрийн энэ их амжилттай нь холбоотой. Багш нь энэ тухай өгүүлэхдээ би хэзээ ч дасгал сургуулилтаа хий гэж хэлж үзээгүй. Харин одоо болно. Болио гэж хэд хэдэн удаа хэлж байсан гэлээ. Тэрбээр Их аврага “Би их азтай хүн. Гэхдээ тэр аз гэдэг нь зөвхөн нөр их хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг гэж нэгэнтээ хэлж байсан. Сумогийн хорин жилийн замналд түүнд олон ч зүйл тохиолдсон. Цунами газар хөдлөлт, сумогийн эргэн тойронд болж өнгөрсөн олон явдал, корона цар тахал зэрэг үзэж туулсан, мэдэрсэн зүйл тоолж барашгүй. Бас 26 настайгаасаа эхлүүлсэн “Хакухо цом” олон улсын хүүхдийн сумогийн тэмцээнийг санаачлан зохион явуулж аль хэдийн 10 жилийн нүүрийг үзжээ. Тэрбээр залуу үеийн залгамж халааг бэлтгэж, мөрөөдөл хүслийг нь бадрааж, жигүүрлэн нисгэх гэсэн халуун хүсэл, сэтгэл түүний дотор дүрэлзэж яваа. Жинхэнэ сумоч бөх байх алдар нэрийг өргөж явсан түүний ард халуун ам бүл, дотны найз нөхөд, ах дүүс, ачлалт аав ээж нь байдаг. Их аварга “Агуу эр хүний ард ухаантай эмэгтэй байдаг” гэсэн үгийг онцлон хэлж, гэргийдээ талархлаа илэрхийлж байв. Хэвлэлийн бага хурлын үеэр хамгийн тод сэтгэлд үлдсэн барилдаанаа дурдвал гэхэд анхны кинбоши /Алтан од/ хүртсэн Аврага Асашёорюүг давсан нөгөөдөх нь үргэлжилсэн 63 давааг зогсоосон Кисеносатод унасан барилдаанг онцлов. Тэр барилдаанаас хойш Кисеносато улам намайг хурцалж, хүчирхэг болгоход тусалсан гэлээ. Эх орон болох монголын ард түмэндээ юу гэж хэлэх вэ гэсэн асуултанд -Аавыг минь хүндлэн хайрладагтай адил намайг ч бас хайрладаг монгол ахан дүүстээ баярлалаа гэсэн юм. Сумоч болоод Ёкозуна болсон хувь хишигтээ гэхээс илүү багштайгаа учирсан зол заяандаа илүү их талархаж байна. Хуримтлуулж ирсэн туршлага өв хөрөнгө минь билээ. Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн, энэрэнгүй зөв, шудрага сумочдыг төрүүлэх багш болмоор байна гэв. Залуусдаа захихад би олон мэхтэй бөхөөс айдаггүй. Олон сэлэм, зэвсэг агссан бөхөөс л айдаг. Үндсэн дасгалаа ягштал хийдэг. Түүнийгээ дайтах зэвсэг болгож чаддаг. Тэрхүү гаршсан зэвсэгээ ахин нэг үйрүүлж, нураагаад дахин цоо шинэ зэвсэг болгож явах ёстой гэж л залуу бөхчүүддээ захимаар байна гэлээ. Тэрбээр одоо Их аврагын замналаас Магаки ояагата хэмээх багш, дасгалжуулагчийн зам түүний урд нээгдэж, сумогийн цоо шинэ түүхийг бүтээж эхлэх нь. Оцукаре сама дэсү. Хакухо ёкозуна.
Х.Эрдэнэцэцэг
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ