Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос 18 бөхийн допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдэгдэл өнөөдөр гаргалаа.
Тус холбооны мэдэгдэлд “Монголын үндэсний бөхийн холбооноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага (МДЭҮБ) авч8 наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.
Эхний шинжилгээний хариу МДЭҮБ-д 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр ирсэн. Өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээ ирээд байгаа юм. Үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу аравдугаар сарын 11 болон 13-нд тус тус илгээсэн байна.
Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлнэ. Ирсэн даруйд бид шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх болно.
Зарим сэтгүүлч, иргэдээс гаргаж буй бөхчүүд болон монгол бөхийн нэр хүндийг сэвтээсэн хардлага, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.
Допингийн шинжилгээ өгсөн 18 бөхийн нэрс:
- Монгол Улсын арслан Ц.Содномдорж
- Монгол Улсын арслан Э.Оюунболд
- Улсын харцага Б.Бат-Өлзий
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын начин Ч.Батчулуун
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Ш.Дарханбат
- Аймгийн арслан Э.Ууганбаяр
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар
- Аймгийн арслан Э.Нямаа
- Аймгийн арслан Д.Төрболд
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
- Аймгийн арслан Б.Хадбаатар
- Аймгийн арслан Н.Батсайхан
- Аймгийн арслан Ц.Адьяа
- Аймгийн заан Б.Уртнасан
- Аймгийн заан Э.Энх-Амгалан
- Аймгийн заан Э.Мөнхжаргал