Аймгийн засаг ноёдоос Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ анхлан 210 сая төгрөгний өртөгтэй жийп машины тендер зарласан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан. Олон нийт болон цахим орчинд ч ширүүн эсэргүүцэж шүүмжилж байсан ч Засаг дарга төсвийн мөнгөөр унаагаа юүлэх шийдвэрээ өөрчлөөгүй зүтгэсэн. Бөх хүний бүдүүн хадуун зоригоороо “дайрсаар” зарлагдсан тендерийх нь үр ”дүн” гарч машинаа авчээ. Саяхны намрын налгар өдрөөр шинэ машиндаа “0001” гэсэн дугаар зүүж хөлөглөж эхэлсэн байна. Ийнхүү “Ковид-19” цар тахлын улмаас төрийн болон төрийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, батлагдсан төсвийг 10 хувь хэмнэх, түүний дотор шинээр автомашин, тавилга худалдан авахгүй гэсэн Засгийн газрын тогтоол Булган аймгийн бөх Засаг даргад ялагджээ.