Монголын хамгийн дампуу гэрээний нэг нь хотын захиргаанаас ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, баар зэрэг ААН, иргэнтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болжээ. Өнгөрсөн зуны эхээр хариуцлага алдан үйлчлүүлэгчид ковид-19 халдах нөхцөл байдал бүрдүүлсэн бол бүх хариуцлагыг үйлчлэгч байгууллага хүлээхээр үндсэн нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулсан. Гэхдээ цаад агуулга нь төр өөрөө хариуцлагаас бултаж бүхнийг аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх, мөн тэднийг дарамтлах нэгэн хэрэгсэл болгон гэхэд хилсдэхгүй. Хариуцлагын гэрээг хотын Захирагчийн ажлын албанаас байгуулж гэрээний хэрэгжилтэнд нийслэлийн цагдаа болон мэргэжлийн хяналтынхан “хяналт” тавьж ажиллаж иржээ. Гэрээний түмэн шаардлага нөхцлийг хангаж ажиллах нь үйлчилгээний байгууллагуудад хүндрэлтэй байсан бол гэрээний биелэлтийг шалгах нь хотын дарга нарт ихээхэн “ашигтай” ажиллагаа байсан байж магадгүй дүр зураг харагдаж байна. “Хариуцлагын гэрээ”-г байгуулж эхэлсэн 6-р сараас хойш хотын ерөнхий менежер Т.Гантөмөр удирдан биелэлтийг олонтоо шалгасан. Шалгалт бүрийг өндөр төсөвтэй, олон хүнтэй ажлын хэсэг хийдэг. Үүнээс өнгөрсөн 9-р сард явагдсан “хяналт шалгалтыг эрчимжүүлэх” гэдэг сүртэй нэртэй 91 сая төгрөгний төсөвтэй шалгалтаас харж болно. Шалгалтанд нийслэлийн цагдаа, мэргэжлийн хяналт, аялал жуулчлалын газар спорт хорооныхон явжээ. Үүнээс худалдаа үйлчилгээний байгууллагуудын шалгалтанд 75 сая, амралт жуулчны бааз дэн буудлын шалгалтанд 15 сая нийт 91 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ бол зөвхөн нэг удаагийн шалгалтын зардал юм. Үүнээс гадна олон удаа шалгасан нь мэдээж. Эцэст нь “Зайсан Хилл”-д “Камертон” хамтлагийн тоглолт болж халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн. Болсон хэрэг явдлын дараа хотын дарга Д.Сумьяабазар хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн. Ерөнхий сайд хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг нэр цохон хариуцлага тооцохыг үүрэгдсэн. Ийнхүү төсвийн маш их хөрөнгө зарцуулж байгуулсан, мөрдүүлсэн хянасан, шалгасан нэртэй “Хариуцлагын гэрээ” ямар ч үр дүнгүй арга хэмжээ болж нэр бүхий албан ташуултнуудад хариуцлага тооцсон нэрээр халхавчилан өнгөрч байна. Шадар сайдын хамаарал бүхий “Зайсан Хилл” бүр гэрээ ч байгуулаагүй байхад бусад ААН, иргэнээс хариуцлага нэхэх нь утагагүй юм. Мөн “Хариуцлагын гэрээ”-ний биелэлтийн шалгалт нэрээр төсвийн ихээхэн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдсан бүр завшигдсан гэх хардлага төрж байна.