alim.mn | 2024.12.27
Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан боллоо

Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан өнгөрсөн баасан гаригт цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Зөвлөлийн хуралдаанд Монголын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хятадын төлөөлөгчдийг БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жижэ даргалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Хуралдааны үеэр талууд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа шинэ төслүүдийн талаар танилцуулж, хоёр талын хооронд ярилцаж ирсэн зарим томоохон төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцав. Тухайлбал, манай улсын өмнөд бүс нутгийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох цогцолбор байгуулах, Улаанбаатар хотод тойрог хурдны авто зам, баганан тулгуурт хөнгөн галт тэрэг шугам барих болон Багануурын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг бүрэн ашиглахад шаардлагатай агаарын шугам, дэд станц барих төслүүдийг хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хятадын аж ахуйн нэгжүүд манай улсад хэрэгжүүлж буй эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын төслүүдэд олон улсын нээлттэй тендерт оролцох байдлаар хамтран ажиллах боломжтойг Г.Ёндон сайд тэмдэглэв.
Мөн Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ