Э.Батшугар, Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээр тооцох тогтоол гаргажээ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг өнөөдөр /2021.10.18/ өргөн мэдүүллээ.
Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугар нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргажээ.
2021.10.10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь болж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй нийт 131 хэсэгт 2021.10.16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулсан байна.
Ингэснээр 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд сонгогчдын 46.65 хувь нь, 28 дугаар тойрогт 48.89 хувь нь оролцжээ.
18 дугаар тойргийн 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54.2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ