МОНГОЛ, ОРОС ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ЭРЧИМТЭЙ ХАРИЛЦААГ ИДЭВХИЖҮҮЛЭХ ДАРААГИЙН ЗУУНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Монгол-Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үндэсний ардчилсан хувьсгалын их ялалт нь араасаа ах дүүгийн найрамдалт харилцааг дагуулж, манай хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн зуун жилд боловсрол, шинжлэх ухаан, соёл, эдийн засаг, барилга, хот төлөвлөлт гээд бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүнд бэрх цаг үед харилцан дэмжлэг үзүүлж, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлсээр ирсэн билээ.
Манай 70000 гаруй оюутан, залуус тухайн үеийн ЗХУ буюу ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж, багш, эмч, хуульч, инженер зэрэг мэргэжлүүдийг эзэмшсэний дотор эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтнүүд олон бий. Дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийг жил бүр 600 хүүхдэд олгох болсон нь дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнийг бэлтгэхэд томоохон хөрөнгө оруулалт болж буйг онцолмоор байна.
Хоёр орны хооронд 2009 онд стратегийн, 2019 онд иж бүрэн стратегийн түншлэл байгуулж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилтуудын нэг байсан. Өнгөрсөн оны байдлаар гадаад худалдаа 1,5 тэрбум долларт хүрсэн хэдий ч эдийн засгийн түншлэлийг илүү эрчимжүүлэх боломж, нөөц бидэнд хангалттай бий. Уламжлалт сайн харилцааг эдийн засгийн салбарт эрчимжүүлэхийн тулд тарифын болон тарифын бус хориг, саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, найрамдлын бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс эхлэх учиртай.
Өнөөдрийн “МОНГОЛ-ОРОСЫН ХАРИЛЦАА 100 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар өнгөрсөн хугацаанд хамтдаа туулсан түүхэн замнал, өнөөгийн түвшинд хөгжүүлсэн найрамдалт харилцаа, ирээдүйд илүү өргөжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, санаачилгыг хэлэлцлээ. Ингэснээр хоёр орны эдийн засаг, худалдааны эрчимтэй харилцааг идэвхижүүлэх дараагийн зууныг эхлүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ