alim.mn | 2025.01.06
Монгол-Японы эмнэлгийн экс ахлах нягтлан охиныхоо найзын “Төгс Ай Кү” компанид 27 сая төгрөг бэлнээр өгсөн ХЭРГЭЭС ...

Энэ хэрэг байдаг л нэгэн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн тухай мэт. Гэхдээ дарга нар нь дээгүүрээ ангайж явахад доогуур нь санхүүгийнхэн хэрхэн бужигнуулдагийг харуулсан тод жишээ юм. Саяхан сүр дуулиантайгаар АШУҮИС-ийн харьяанд орсон  Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны экс дарга агаад ахлах нягтлан бодогч нь төсвийн захирагч болох захирлынхаа шийдвэргүйгээр эмнэлэгт нь хүнсний материал нийлүүлдэг компаний захирлыг энэ оны 2-р сард гэртээ дуудаад дээрхи мөнгийг бэлнээр өгчээ. Тэр мөнгө нь эмнэлгийн ажилтнуудад хоолны орлого байжээ. Эмнэлэг нь цайны газартай агаад зөвхөн өөрийнхөндөө үйлчилдэг байсан гэнэ. Дараа нь хоолны талон тараах болжээ. Үүнээс олсон орлогыг экс ахлах байгууллагийнхаа дансанд тушаалгүй хадгалж байгаад хамтрагч компанидаа бэлнээр өгчихжээ. Гэнэтхэн л 30 орчим сая төгрөг авсан “Төгс Ай Кү” компанийн захирал нь ахлах нягтлангийн охин Даваасүрэнгийн найз гэнэ. Захирал өмнө нь “Хан талст” худалдааны төвд хүнсний худалдаа эрхэлдэг байжээ. Түүний том эмнэлэгт хүнсний материал нийлүүлэх болсон нь тун амархан бүтжээ.  Өнгөрсөн онын сүүлээр ахлах нягтлангийн охин “Монгол-Японы эмнэлэг хоолны материал нийлүүлэх компани хайж байгаа, чи очоод ээжтэй уулз” гэжээ. Компаний захирлыг очиход ахлах нягтлан  эмнэлэгт авах барааны жагсаалт болон ТСАА гэдэг компанийн үнийн дүнг үзүүлээд “танайх ийм дүнгээр бараа нийлүүлж чадах уу” гэж асуужээ. Захирал ч чадна гэж хариулаад л 63 сая төгрөгийн гэрээг тэр дор нь байгуулсан байна.  Цар тахлын онцгой нөхцөл тул гээд сонгон шалгаруулалт ч явагдаагүй аж. Түүнээс гадна ажилчдын хоолны орлого байгууллагийн кассанд тушаагдахгүй явж байгааг удирдлага нь ч мэдээгүй байжээ. Экс ахлах нягтлан нь 2020 оны 8-р сараас он дуустал дээрхи бэлэн мөнгөний орлогыг кассд болон төрийн сангийн дансанд тушаалгалгүй  хав дарж чадсан нь гайхалтай. Тус эмнэлэг өнгөрсөн онын 10-р сараас эхлэн ажилчиддаа хоолны талон тарааж эхэлсэн байна. Талон зарсан орлогыг ахлах нягтлангийн тушаалаар нягтлан Хулан өөр дээрээ хадгалж иржээ.  Хувийн компанид дур мэдэн өгсөн 27 сая төгрөг илэрхэд дагаад хоолны талоны хэрэг мандсан. Гэхдээ хичнээн төгрөгний хоолны талон зарагдсан нь тодорхойгүй үлджээ. Ийнхүү шинээр байгуулагдсан Монгол-Японы эмнэлэг санхүүгийн маапаантай л  үйл ажиллагаа эхэлж байгаа нь өнөө цагийн өнгөнд болох ёстой л явдал аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ