alim.mn | 2025.01.06
Асашёорюүгийн эхнэр М.Отгонцэцэг туслан гүйцэтгэгч 6 компаниа хохироосон уу?

Ах дүү аварга Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёр олны хүндлэлийг хүлээсэн бөхчүүд. Одоо улс төр бизнест хөл тавьжээ. Харин бөх барилддаг шигээ уран мэхтэй, энэ мэхэнд нь бизнесийн хамтрагчид нь “ширвэгдчих” гээд байдаг тухай таагүй яриа гарах болов.

Хотын дарга Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа “Таван Толгой-Манлай-Ханги чиглэлийн 470 км авто замын төсөл”-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газраар 2019 оны 07 сарын 31-ний өдөр батлуулсан байдаг.

 Гэхдээ энэ гэрээ анхнаасаа л Д.Сумъяазар сайдын хамаарал бүхий, бизнесийн эрх ашиг нэгдсэн хүмүүсийн гараар дамжиж, ямар нэг сэжмээр холбогдсон байдаг.

Тухайлбал Концессын гэрээний нөгөө тал Үндэсний хөгжлийн газар ажил гүйцэтгэх компанийг шалгаруулдаг. Тус газрын даргаар Б.Баярсайхан ажиллаж байжээ. Б.Баярсайхан нь Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын үүсгэн байгуулсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 хувийн хувьцаа эзэмшдэг буюу эртнээс хэтэвч нэгтэй улс.

 Концессын гэрээг хэрэгжүүлэгч нь “ТАХИЛТ ХАЙРХАН ТРАНС” ХХК. “Тахилт хайрхан транс” компанийн эзэн нь Энхболдын Оюутцэцэн ажгуу. Энэ хүнийг Д.Дагвадоржтой эртний холбоотой гэлцдэг. Гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Lai Zhenbao ажилладаг байна.

Харин тус концессын Ерөнхий гүйцэтгэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай “Ти ти си энд ти” ХХК ажилладаг, Гүйцэтгэх захирлаар нь мөн л БНХАУ-ын иргэн Ge Ling Xing ажилладаг. Энэ Хятад иргэн нь БНХАУ-ын Norinco group (зэвсгийн үйлдвэр)-т хариуцлагатай алба хашдаг сурагтай.

Хамгийн сонирхолтой нь “Тахилт хайрхан транс” ХХК, “Ти ти си энд ти” ХХК болон Эрдэнэс Таван Толгой хөрс хуулалт хийдэг “Ти ти жи си ви өү” ХХК-иудын албан ёсны хаяг нийслэлийн ХУД, Моннис цамхаг 6-р давхарт байрладаг. Нэг барилгад, нэг давхарт эдгээр компаниуд хаягтай байгаа нь хардах нэг үндэслэл.

   “Ундарга-Од” ХХК-ийг циркийн нягтлан бодогч А.Бямбасүрэн нэр дээр бүртгүүлжээ.

   Таван толгой-Манлай-Ханги чиглэлийн 470 км авто замын 6 багц ажлын 1, 2-р хэсгийг Д.Сумъяабазарын дүү “Аса” Дагвадоржийн хамаарал бүхий “Ундарга од” ХХК гүйцэтгэхээр гэрээлжээ. “Ундарга-Од”-ыг 2019 онд худалдан авч, ах дүү хоёр аваргын итгэлт хүн “Монголын үндэсний цирк” ХХК “Роялплаза” ХХК зэрэг компаниудынхаа нягтлан бодогч А.Бямбасүрэнгийн нэр дээр бүртгүүлжээ.

А.Бямбасүрэн нь циркийн барилгыг аж ахуй нэгжүүдэд түрээсэлдэг, түрээслүүлэгчийг төлөөлөн гарын үсэг зурсан баримтууд байдаг.

 Д.Дагвадорж эхнэр М.Отгонцэцэгтээ компани бэлэглэж, гүйцэтгэх захирал болгодог бололтой. Аса аварга өөрт хамааралтай байсан “Ийстлайн”, “Клоннер”, “Эм Си Ай Эф”, “Рояал плаза”, “Аса трэвэл”, “Аса Гүүдс”, “Кинг Хорс Монголиа” ХХК-уудаа залуу эхнэртээ шилжүүлжээ.

Харин “Ундарга-Од” компанийг А.Бямбасүрэнгийн нэр дээр бүртгүүлтэй боловч эхнэр М.Отгонцэцэг нь далдуур удирдаж, авто замын ажилд нь оролцож явсан байдаг.

 “Ундарга-Од” ХХК дороо туслан гүйцэтгэгч 6 компанид нэг ч төгрөг төлөөгүй

Авто замын томоохон ажил авсан “Ундарга-Од” ХХК нь зам барих тоног төхөөрөмж, ажиллах хүч байхгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс ажил хийж харагдах, хөрөнгө оруулагч талаасаа эхний ээлжийн санхүүжилт татахын тулд дороо туслан гүйцэтгэгч компаниуд авч ажиллуулсан бололтой.

Тэд “Том төсөл хийж байгаа, ажлаа хурдан эхэл, санхүүжилт асуудалгүй” хэмээн итгэл төрүүлсэн гэнэ. Компаниуд зээл авах нь авч, машин техник түрээслэх нь түрээсэлж, өөрсдөө зардлаа гарган ажилдаа орсон байна.

Гэвч анх гэрээ байгуулахдаа итгэл төрүүлж явсан Д.Дагвадорж аваргын гэргий М.Отгонцэцэг гүйцэтгэгч компанийхантай уулзахаа больж, төлбөр санхүүжилт нэг ч төгрөг өгөлгүй ажил гүйцэтгэсэн компаниудаа хүнд байдалд оруулжээ.

Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон компаниуд арга буюу ажлаа зогсоон, замын ажлаа орхиход “Ундарга-Од” ХХК дараагийн туслан гүйцэтгэгчтэй гэрээлж, мөн л санхүүжилт олгохгүй хохироож явсаар өнөөдрийн байдлаар 6 компанийн 300 гаруй ажилтан, тэдний гэр бүл хохироод байгаа талаар яриа гарч эхэллээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ